УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гаргийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах болон Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, парламентын 84 гишүүн дэмжсэнээр 82.4 хувийн саналаар баталлаа.
Төсвийн тодотголоор нэгдсэн төсвийн орлогын хэмжээг 31.9 их наяд төгрөг болгож, татварын орлогыг нэг их наядаар бууруулав. Харин төсвийн зарлагыг өмнө нь баталсан дүнгээс 971.5 тэрбумаар нэмэгдүүлэн, 33.9 их наяд төгрөгөөр тогтоосон бол алдагдлыг нь хоёр их наяд төгрөгөөр тооцон баталлаа.
УИХ-ын дарга С.Бямбацогт төсөв тодотгосныхоо үр дүнг хөрсөн дээр буулгаж, бодитоор хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Засгийн газрын гишүүдэд сануулав. Тэрбээр “Гадаад, дотоод олон хүчин зүйлийн нөлөөгөөр инфляц огцом өсөж, өнгөрсөн сарын байдлаар 12 хувьд хүрлээ. Энэ эгзэгтэй цаг үед Засгийн газар бүсээ чангалж, төсвийнхөө урсгал зардлыг 1.4 их наяд төгрөгөөр танах хуулийн төсөл оруулж ирснийг парламент хугацаа алдалгүй батлав. Засгийн газар төсөв тодотгоход хүрсэн гол зорилгоо хэрэгжүүлж, иргэдийн ахуй амьжиргааг дэмжих, эрчим хүчний найдвартай байдлыг хангах, үнийн өсөлтөөс сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай” гэсэн юм.
Харин Ерөнхий сайд Н.Учрал үүнтэй холбоотой мэдэгдэлдээ “Засгийн газраас өргөн барьсан 2026 оны төсвийн тодотголын цөм бодлого нь өрхийн орлогыг нэмэгдүүлж, иргэдийн ахуй амьжиргааг дэмжин, нийгмийн хамгааллыг сайжруулах. Хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настанд шинээр суурь тэтгэвэр олгох, хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн халамжийн тэтгэврийг 26, асаргааны тэтгэмжийг 12 хувиар нэмэх, эмч, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн нэмэгдлийг жигдлэх, боловсролын салбарын багш, ажилтнуудын цалингийн нэмэгдэл, урамшуулалд шаардлагатай санхүүжилтийг шийдэх нөхцөл бүрдлээ. Мөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хязгаарлах бодлогын хүрээнд мах, гурил, ногоо, шатахуун нөөцлөхөд 140.9, импортын эрчим хүчний тогтвортой нийлүүлэлтийг хангах, цахилгаан станц, дамжуулах, түгээх сүлжээ, тоног төхөөрөмжийн засвар шинэчлэлд 186.2 тэрбум төгрөгийг нэмж хуваариллаа” хэмээв.
Мөн энэ өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан юм. Ингэснээр манай улс ирэх оноос электрон тамхинд 20 хувийн гаалийн албан татвар ногдуулах болж байна. Түүнчлэн хамрын болон усан хоолойгоор татдагаас бусад төрлийн бүх тамхинд амт, үнэр оруулагч нэмэхийг хуулиар хориглов. Үүнд гааг ч багтаажээ.
Ж.Сувд