“Бөөгийн домог” роман энэ сарын 25-нд хэвлэгдэн гарна хэмээн Францын “Éditions Jentayu” хэвлэлийн газраас өчигдөр зарлажээ. Номын зохиогч Г.Аюурзана “Нууцат арал”, “Парисын Дар эхийн сүм”, “Монте-Кристо гүн”, “Бяцхан хунтайж”, “Жамаараа яваа ертөнц”-ийг шимтэн уншиж явсан хүүхэд насанд минь “Энэ номууд бичигдсэн хэлээр хожим чиний зохиол хэвлэгдэнэ ээ” гэж хэн нэгэн хэлсэн бол би яавч итгэхгүй байсан даа. “Бөөгийн домог” роман энэ сарын 25-нд франц хэлээр хэвлэгдэн гарна.
Орчуулахад амаргүй зохиолыг зоригтойгоор сонгосон Р.Мөнхзулдаа, романыг минь анх уншсан цагаасаа л франц хэлт уншигчдын хүртээл болгох гэж тууштай зүтгэсэн хэвлэн нийтлэгч Жэгом Бушо (Jérôme Bouchaud)-доо гүнээ талархаж байна. Номын маань хавтсыг Б.Билгүүн урласан аж. Залуу зохиолч, зураач дүүд мөн баяр хүргэе!" хэмээн нүүр нүмдоо бичжээ.
Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч, яруу найрагч Г.Аюурзанын “Бөөгийн домог” романыг өмнө нь орчуулагч Дуламдоржийн Цэрэндулам 2010 онд итали хэлнээ орчуулан хэвлүүлж байжээ. Улмаар романыг “Feltrinelli”, “Mondadori”, “Hoepli”, “IBS”, “Amazon”, “Libreria Universitaria” зэрэг Италийн бүх номын дэлгүүр, цахим худалдааны гол сүлжээгээр худалдаалж, "шууруулж" байсан удаатай.
Уг бүтээл нь хүн төрөлхтний хамгийн эртний шашин шүтлэг болох бөө мөргөлийн тухай монгол хэлээр бичигдсэн анхны роман юм. Г.Аюурзана уг романаа туурвихын тулд гурван жил дараалан Байгаль нуурыг зорьж, судалгаа хийн бөөгийн амьдралын түүхээр дамжуулж, Байгаль нуур орчмын буриад зоны мөхөл, дарлагдалт, тэдний хайр дурлалын тухай өгүүлсэн байдаг. Бөөгийн домог хэмээх энэхүү романы гол баатар болох өвгөн бөөгийн амьдрал, удам судар, түүхээр дамжуулан Байгал нуур орчмын Буриад түмний эмгэнэлт хувь тавиланг хөндсөнөөрөө мөн өнөө цагт бөө мөргөл хэрхэн гажуудан самуурч буй тухай, тэрчлэн бүтэлгүй хайр дурлалаасаа зугтсан залуу эрийн сэтгэлийн дотоод хямрал, өөрчлөлтийг өвөрмөц хэлбэрээр илэрхийлж чадсан зэрэг нь уг номыг тун ч сонирхолтой болгожээ.