Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар АН-ын гишүүд эсэргүүцлээ илэрхийлсээр байна. Өнөөдөр УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн тэргүүтэй АН-ын төлөөлөгчид Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргалаа.
УИХ-ын гишүүн “Алдаатай хууль хэлэлцүүлж байгаад гомдол гаргаж байна. Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, цаашлаад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэмжээнд яригдах асуудлыг агуулжээ. Тодруулбал, Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 7 дахь заалтыг зөрчиж байна. Долоон бүлэг, 32 зүйлтэйгээр дээрх хуулийн төслийг оруулж ирж байна. 2013 оны хуультай харьцуулахад дордуулсан заалтууд бий. Тус хуулийн зургадугаар бүлэгт Гадаадын хөрөнгө оруулагч компаниудын зохицуулалтын заалт алга болсон. Тиймээс Монгол Улсын иргэнийхээ хувьд Үндсэн хуулийн цэцэд хандаж байна” гэлээ.