Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцэхийг хойшлууллаа. Уг хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хойшлуулахыг хүссэн нийт 156 өргөдөл, албан бичиг иргэдээс УИХ-д хаяглагдан ирсэн байна. Мөн уг хуулийн төслийг Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Бүсчилсэн хөгжлийн тухай хууль зэрэг бусад хуулиудтай уялдуулах үүднээс хамтатган хэлэлцэх зорилгоор хойшлуулах зарчмын саналыг парламентад суудалтай улс төрийн намын дарга нар гаргасан гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар онцоллоо.
Тэрбээр “Ард иргэд эсэргүүцэж байгаа учраас хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хойшлуулж байна. Анхааруулж хэлэхэд, А.Адъяасүрэн нарын гишүүд энэ хуулийг хэлэлцүүлсэн гэж намайг цэцэд өгчээ. Улс төр хийгээд байгаа болохоос биш энэ хуулийн төсөл нь Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцээгүй байна гэж УИХ гишүүн үзсэн бол үндэслэл тайлбар гаргаж өөрийн харьяалах намын бүлэг, байнгын хороогоор дамжуулан асуудлыг хөндөх эрхтэй. Гэвч энэ асуудлаар намын бүлэг, эвсэл, УИХ-ын гишүүнээс санал дүгнэлт ирүүлээгүй. Хуулиа уншиж, хуулиа сахиж ажиллацгаа” гэлээ.