Сурагчдын бие даалтын долоо хоног өчигдөр эхэллээ. Эл өдрүүдээр дамжуулан хүүхдүүдийг танхимаар олж авсан мэдлэгээ бататгах, бие даан хөгжих, нийгмийн харилцаанд идэвхтэй оролцох боломжоор хангах зорилготой. Тиймээс сургуулиуд сурагчдын сонирхлын бүлгүүдийн үйл ажиллагааг нээлттэй үргэлжлүүлж буй аж. Тухайлбал, нийслэлийн 88 дугаар сургуулийнхан Баянзүрх дүүргийн Соёлын ордоны хамт олонтой хамтран сурагчдад үзвэр бэлтгэсэн гэнэ. Мөн шатар, даам, хөгжмийн дугуйлан хичээллүүлж буй. Ирэх сарын 1-нд спортын өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөжээ. Иймд сургуулийн спортын заалыг сурагчид нээлттэй ашиглах боломжоор хангасан байна. Харин нийслэлийн 152 дугаар сургуулийн ахлах ангийнхан бие даалтын долоо хоногоороо Улсын хүүхэд, залуучуудын театр “18 дахь хаврын хайр” жүжгийг үзсэн байна. Уг жүжгээр дамжуулан сурагчдад хамт олны нөхөрлөл, сурагчид хоорондын харилцаа, багшийн шавиа гэсэн сэтгэлийг ойлгуулахыг зорьсон гэнэ.
Түүнчлэн музейг зорих иргэдийн тоо өчигдрөөс нэмэгдсэн гэнэ. Эцэг, эхчүүд хүүхдэдээ эртний үзмэрүүдийг танилцуулж, бие даалтын долоо хоногийг нь үр дүнтэй өнгөрүүлэхээр төлөвлөжээ. Сургуулиас нь ч хүүхэд хөгжлийн 15-20 минутын бие даан суралцах цаг байх ёстой гэсэн зөвлөмжийг эцэг, эхчүүдэд хүргүүлжээ. Сурагчид ч анги хамт олноороо болон найзуудтайгаа музей, номын сан, тоглоомын төвүүдээр голчлон үйлчлүүлж байна.
А.ҮҮЛ