Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын нэгдүгээр улирлын амралт өнгөрсөн сарын 23-наас эхэлсэн билээ. Нийслэлийн сурагчдын амралт энэ сарын 24-нд дуусах бол орон нутгийнхан 17-нд хичээлдээ орох юм. Сурагчдын амралт эхэлсэнтэй холбоотой цэцэрлэгийн хүүхдүүдийн ирц эрс багасдаг. Хүүхдүүд дүү нараа харж үлдсэнээр ахуйн хүрээний осолд өртөх тохиолдол нэмэгдэж буйг цагдаагийн байгууллагаас анхааруулав. Тухайлбал, оны өмнө буюу өнгөрсөн сарын 27-нд Хэнтий аймагт орон сууцад гал гарч, есөн сартай хүүхэд нас барж, 5-12 насны хоёр хүүхэд угаартсан харамсалтай хэрэг гарсан байна.
ГССҮТ-д сүүлийн гурван жилийн хугацаанд 157 мянган хүүхэд осол гэмтэлд өртөж, эмнэлгийн тусламж авчээ. Тэдний 53 хувь буюу 83 мянга нь гэртээ байхдаа осолд өртсөн байна. Мөн өнгөрсөн оны эхний хагас жилд осолд өртсөн нийт хүүхдийн 3.3 хувь буюу 3592 нь түлэгдэж, гэмтсэн гэнэ. Тиймээс халуун хоол, цайг хүүхэд хүрэхээргүй газар болон ширээний ирмэгээс хол тавих, зуухны тагийг заавал түгжих, хутга, хайч зэрэг хурц иртэй багаж, хэрэгслийг далд газар хадгалахыг эрүүл мэндийн болон боловсролын байгууллагынхан зөвлөж буй. Мөн аль болох ширээний бүтээлэг хэрэглэхгүй байхыг санууллаа. Учир нь хүүхэд түүнээс татаж, дээр нь байгаа зүйлсийг унагах, халуун цай, хоолонд түлэгдэх эрсдэлтэй. Иймд эцэг, эх, асран хамгаалагч нар болзошгүй эрсдэлээс сэргийлж, хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах шаардлагатай байна.
Ч.Туяа