Налайх дүүрэгт өнгөрсөн сарын 29-нд менингококкт халдварын нэг тохиолдол бүртгэгдэж, холбогдох мэргэжлийн байгууллагынхан хариу арга хэмжээ авч ажиллаж буйг бид өмнөх дугаартаа мэдээлсэн билээ. Тухайн үед хүүхэд халдвар, хордлогын шоктой, биеэр нь их хэмжээний цусархаг тууралтууд гарсан байсныг дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Л.Байгал мэдээлж байв. Тэгвэл менингококкоор өвчилсөн гурван настай хүүхэд эндсэн болохыг өнгөрсөн баасан гарагт ХӨСҮТ-өөс мэдээллээ. Тус төвийн ерөнхий захирал Э.Анхбаяр “Халдвар авсан хүүхдийн биеийн байдал хүнд байсан тул Налайхаас энэ (өнгөрсөн) сарын 30-нд шилжүүлэн авчирч, хэвтүүлэн эмчилсэн. Гэвч өнөөдөр үдээс өмнө (31-нд) нас барсан харамсалтай үйл явдал боллоо. ХӨСҮТ-д ирэхдээ л амь тэнссэн, маш хүнд байсан. Менингитийн аюултай шинж нь бага насны хүүхэд халдвар авсан тохиолдолд 24-72 цагийн дотор өвчин хүндэрч, эндэх эрсдэлтэй. 2004-2005, 2015-2016 онд улсын хэмжээнд менингококкт халдвар алга цоог байдлаар дэгдсэн байна. Уг халдвар нь 10 жилийн давтамжтай, өвөл, хаврын цагт тархаж буйг бид тогтоосон. Тиймээс 2025, 2026 онд менингококкт халдварын идэвхтэй үе нь тохиож буй гэсэн үг. Өнгөрсөн онд уг өвчний сэжигтэй таван тохиолдол бүртгэгдсэнээс хоёр нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан. Нас баралт бүртгэгдээгүй, хоёул эдгэрсэн. Харин өнөө жилийн тухайд шинэ он дөнгөж гараад л өвчний сэжигтэй хоёр тохиолдол бүртгэгдсэний нэгийнх нь онош батлагдаж, нас барлаа. Нөгөө нь Баянгол дүүргээс ХӨСҮТ-д хүргэгдэн ирсэн, шинжилгээний хариуг нь хүлээж байна” гэсэн юм. Албаныхны энэхүү мэдээллээс хойш Баянзүрх дүүрэгт мөн өвчний сэжигтэй тохиолдол илэрсэн тул ХӨСҮТ-ийн тусгаарлалтад авсан гэв.
“Есөн настай хүүхэд нас бараагүй”
Сүүлийн 10 жилд 98 хүн менингококкоор өвчилсний 80 орчим хувь нь бага насны хүүхдүүд байж. Тэдний 40 хувь нь эндсэн гэдгийг ХӨСҮТ-ийн дэд захирал О.Батбаяр мэдээлсэн. Нас барах эрсдэл ийм өндөр тул менингококкийн нэг тохиолдол бүртгэгдсэн ч дэгдэлт гэж үздэг аж. Хүүхдийн эмч Б.Мөнгөнчөдөр “Цахилгаан менингит маш аюултай. Шинж тэмдэг илэрснээс хойш 24 цагийн дотор амь эрсдэж ч болно. Тархи, нугасны бүрхэвч хальс, эдийг үрэвсүүлдэг учраас хожим саа, саажилттай үлдэх нь ч бий. Энэ нь өвчний хоруу чанараас шалтгаална” хэмээн сэрэмжлүүлэв.
Менингококкийн халдвар бүртгэгдсэнтэй холбоотойгоор нийгмийн сүлжээнд иргэд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг цахимд шилжүүлэхийг шаардах болсон. Түүнчлэн “Хан-Уул дүүрэгт халдварын гурван тохиолдол бүртгэгдсэн”, “Хоёр хоногийн дотор өндөр халуурсны улмаас гурван хүүхэд эндсэн”, “Есөн настай хүүхэд менигитээр нас барлаа” гэх мэдээлэл цахимд хөвөрсөн. Харин ЭМЯ, ХӨСҮТ-өөс эдгээр мэдээллийг үгүйсгэж, өчигдөр хариу мэдэгдэл гаргав. Тодруулбал, “Өнгөрсөн бямба гарагт олон нийтийн сүлжээнд есөн настай хүүхэд менингитээр нас барсан гэх ташаа мэдээлэл тархсан. ХӨСҮТ-д ийм насны хүүхдийн эндэгдэл бүртгэгдээгүй. Эмчилгээний хугацаа алдахгүй, халдварын тархалтыг нэмэгдүүлэхгүй байх үүднээс арьсны бүх төрлийн тууралттай өвчтөнүүдийг ХӨСҮТ-д хүлээн авч, шинж тэмдэг бүрийг ялган бүртгэж, тандалт шинжилгээ хийж байна. Иймд нийгмийн сүлжээнд баталгаагүй мэдээлэл тарааж, иргэд, олон нийтийг айдаст автуулахгүй байхыг хүсье” гэжээ.
Д.Нарангэрэл: Давс, нимбэг, саримстай бүлээн уусмалаар ам, хоолойгоо зайлаарай
Менингит нь вирусийн, мөөгөнцрийн, бактерийн шалтгаантай үүсдэг юм байна. Цахилгаан гэгддэг хурц хэлбэрийн менингит нь бактерийн гаралтай аж. Уг нян нь шүлтлэг орчинд амархан үрждэг тул ам, хоолойг давс, нимбэг, саримс зэрэг хүчиллэг бүлээн уусмалаар өдөрт 3-4 удаа ээлжлэн зайлах, хамрыг мөн давсны уусмалаар өглөө, оройд угааж, менингококкоос сэргийлэхийг НҮБ-ын Хүүхдийн сангийн зөвлөх Д.Нарангэрэл хэлэв. Тэрбээр “Менингококкийн халдвартай болон уг өвчний нян тээгчийн хамар, ам, залгиурт бактери үрждэг. Хүний шүлсээр 700 гаруй төрлийн нян, вирус дамжин халдварладаг. Тиймээс бага насны хүүхдийг үнсэхгүй, ам дамжуулан хоол, хүнс өгөхгүй байх, хамар, хоолойн үрэвсэлт өвчнөө эмчлүүлэх, A, C, D аминдэмээр баялаг хоол, хүнс хэрэглэх, эд хэрэглэл, гэр орондоо ахуйн ариутгагчаар цэвэрлэгээ тогтмол хийх хэрэгтэй” гэлээ.
Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоохгүй
Халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс өчигдөр 13.00 цагт мэдээлэл өгөв. Нийслэлийн Баянгол, Баянзүрх дүүрэгт бүртгэгдсэн сэжигтэй хоёр тохиолдлын шинжилгээний хариу хүлээгдэж буйг тэд хэллээ. Баянзүрх дүүргийн хүүхдийн тухайд 311 дүгээр цэцэрлэгт хүмүүждэг бол Баянголынх өнгөрсөн арванхоёрдугаар сарын 18-наас хойш хичээлдээ яваагүй, сурагч гэв. Онош баталгаажуулах шинжилгээг 48-56 цаг хийдэг аж. Хэрэв хариу нь эерэг гарвал тухайн аппарат автоматаар дохио өгдөг байна. Ямартай ч ХӨСҮТ-д хүргэсэн дээрх хоёр хүүхдийн биеийн байдал тогтвортой, шинж тэмдгийн эсрэг эмчилгээ хийлгэж байгаа гэнэ. Тус төвийн зөвлөх эмч Ч.Чинбаяр “Сэжигтэй тохиолдол нэмж бүртгэгдээгүй. Менингит нь хүнд, хөнгөн хэлбэртэй. Халдвар авсан хүүхэд ямар ч шинж тэмдэггүйгээр гэнэт өндөр халуурна. Ингэхдээ хөл, гар нь цэв хүйтэн, арьс нь эрээн алаг болчихдог. Үүнийг эмч нар цагаан халууралт гэдэг. Мөн доод мөчдөөс эхэлж цусархаг тууралтууд гарна. Бид аюултай, хүнд хэлбэрийн менингитийн шинж тэмдгийг л анхааруулж хэлээд байгаа нь энэ. Менингококк нь халуун амьсгалаар буюу өвчтөний ойрын гэр бүлийнхэн, нэг ангийнхан нь илүүтэй халдвар авах эрсдэлтэй. Түүнээс биш сэжигтэй тохиолдол гарах бүрд сургууль, цэцэрлэгийг хаах ёсгүй” гэж ярилаа.
О.Ундрах