Монгол Улс хоёр дахь удаагаа PISA олон улсын сурлагын амжилтын үнэлгээнд хамрагдахаар бэлтгэж буй. Үүний хүрээнд туршилтын судалгааг өнгөрсөн 4-5 дугаар сард зохион байгуулсан бөгөөд нийт 32 сургуулийн 2513 сурагчийг хамруулжээ. Сурагчид даалгавар гүйцэтгэж, асуулга бөглөсөн бөгөөд эцэг, эхчүүд, 154 багш, 32 сургуулийн захирал, сургалтын менежер асуулга, судалгаанд оролцсон аж. Харин үндсэн судалгаанд 190 орчим сургуулийн 7500 орчим сурагчийг түүврээр сонгох юм байна. Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Боловсролын үнэлгээний төв болон бусад харьяа байгууллагынхан уг судалгааг ирэх гуравдугаар сарын 5-наас тавдугаар сарын 16-ны хооронд зохион байгуулах юм.
Ташрамд дуулгахад, PISA үнэлгээг Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD) 2000 оноос эхлэн гурван жил тутамд зохион байгуулж иржээ. Дэлхийн 90 гаруй орон хамрагддаг учраас олон улсын томоохон үнэлгээнд зүй ёсоор тооцогддог. Эл үнэлгээгээр ерөнхий боловсролын 15 настай сурагчид эзэмшсэн мэдлэг, чадвараа амьдралд хэрхэн хэрэглэж байгаа, тухайн улсын боловсролын тогтолцоо энэ чадварыг ямар түвшинд олгож буйг илрүүлдгээрээ онцлог юм.
Ч.Болор