Хавдрын эсрэг дэлхийн өдөр өчигдөр тохиов. Энэ нь бүх нийтээрээ хавдрын эсрэг дуу хоолой, хүчин чармайлтаа нэгтгэх дэлхийн өдөр билээ. Олон улсад эл өдрийг “Бидний түүх-биднийг нэгтгэнэ” уриан дор зохион байгуулав. Хавдрын эсрэг улс орнуудын Засгийн газрын хүчин чармайлтыг сайжруулж, хавдартай тэмцэхэд төрийн болон төрийн бус бүхий л байгууллага, хамт олон, хувь хүний оролцоог идэвхжүүлэхийг уриалж буй юм.
Манай улсад өнгөрсөн онд хорт хавдрын 8169 шинэ тохиолдол бүртгэгдсэнийг Хавдар судлалын үндэсний төвийн захирал Н.Эрдэнэхүү хэлэв. Тэрбээр “Өнгөрсөн онд бүртгэгдсэн нийт хавдрын 28.9 хувь нь элэг, 16.2 хувь нь ходоод, 6.7 хувь нь уушги, гуурсан хоолой, 6.4 хувь нь умайн хүзүү, таван хувь нь бүдүүн, шулуун гэдэснийх байна. Эдгээр нь нийт хорт хавдрын 63.2 хувийг эзэлж буй. 2024 онд бүртгэгдсэн хорт хавдрын 36.6 хувь нь эрт, 64.4 хувь нь хожуу үе шатандаа оношлуулсан” гэв.
Монгол Улсад 2022 онд шинээр 6500, 2023 онд 7200 хорт хавдар оношлогдож байв. Харин өнгөрсөн жилд шинээр оношлуулсан өвчтөний тоо 2023 оныхоос 969-өөр нэмэгджээ. Элэгний хорт хавдар өвчлөл, нас баралтын тоогоор тэргүүлсэн хэвээрээ байна. Тодруулбал, өнгөрсөн онд хорт хавдрын шалтгаанаар 4755 иргэн нас баржээ. Элэг, ходоодны хорт хавдар нийт нас баралтын 52.2 хувийг эзэлсэн аж. Үүн дотроо элэгний хорт хавдар 35.9, ходоодных 16.3 хувийг эзэлж буй юм. Түүнчлэн 10.5 хувь нь уушги, гуурсан хоолой, 5.8 хувь нь улаан хоолой, 4.2 хувь нь нойр булчирхайн хорт хавдраар энджээ. Нас барсан хүмүүсийн 72.7 хувь нь эдгээр байрлалын хавдруудын улмаас амиа алдсан байна.
Хавдрын эсрэг дэлхийн өдрөөр Улсын хоёрдугаар төв эмнэлгийнхэн “Хоол боловсруулах замын эрхтний хавдраас сэргийлье” нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулсан юм. Тус эмнэлгийнхэн ХСҮТ-ийн ачааллыг бууруулж, хавдартай өвчтөнүүдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж буй. Өдөрлөгийн үеэр хавдрын хими, мэс засал, ангиографийн эмч болон хоол зүйч нар иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгөв. Мөн дурангийн болон цөмийн онош зүйн эмч нар иргэдэд зөвлөгөө хүргэсэн юм. Харин ХСҮТ-өөс өнөөдөр сэтгүүлчдэд нэгдсэн мэдээлэл өгөх аж.
Ч.Болор