НҮБ-ын Ерөнхий ассамблей энэ оныг “Квантын шинжлэх ухаан, технологийн олон улсын жил” хэмээн зарлан, ЮНЕСКО уг арга хэмжээг удирдан зохион байгуулахаар болжээ. Үүний хүрээнд манай улсын ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгээс боловсрол, шинжлэх ухааны байгууллагуудтай хамтран квантын шинжлэх ухаан, технологийн мэдлэг, ололтыг түгээн дэлгэрүүлэх, нийгмийг соён гэгээрүүлэх чиглэлийн ажлуудыг эхлүүлжээ. Өөрөөр хэлбэл, Боловсролын ерөнхий газар, Физик, технологийн хүрээлэнтэй хамтран ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдад квантын шинжлэх ухааны ололт, туршилт судалгааны чиглэлээр мэдлэг, мэдээллийг үе шаттайгаар хүргэж буй аж.
Тухайлбал, нийслэлийн ерөнхий боловсролын 14 дүгээр сургуульд “Мэдлэгийн квант түгээе-туршилтууд” үйл ажиллагааг зохион байгуулж, сурагчдад зориулсан “Гурван хэмжээст голограм”, “Квант нислэг”, “Квант жаал”, “Квант баллуур”, “Орчлон ертөнцөөр аялъя”, “Байгалийн цацраг”, “Цахилгаан соронзон индукц” зэрэг 12 төрлийн сонирхолтой туршилт явуулсан байна. Уг туршилтыг ШУА, МУИС, ШУТИС, МУБИС-ийн эрдэмтэн, судлаачид хамтран хийснээрээ онцлог юм.
Ч.Болор