Энэ оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сонгон судлах 16 төрлийн хичээлийг “Мэдлэ” цахим сургуульд байршуулаад буй. Тодруулбал, цахим хичээлийг 496 сургуулийн 17 453 сурагч, 317 багш зааж байна. Эдгээр хичээлээс зургаа нь танхимын сургалтаар ордоггүй байж. Мөн технологийн гурван хичээлийг шинээр оруулж, их сургуулиудын нарийн мэргэжлийн сургалтуудтай уялдуулсан байна. Энэ нь хүүхдүүдийн мэргэжил сонголтод эергээр нөлөөлж байна гэсэн үр дүн гарчээ.
Анги дүүргэлт, багшийн хүрэлцээгүй байдлаас шалтгаалан хөдөөгийн сургуулийн ахлах ангийн суралцагчдын дунд үүсдэг бэрхшээлийг арилгах, тэдэнд хичээлээ сонгон судлах тэгш боломж олгох, хилийн чанадад байгаа монгол хүүхдэд монгол хэл, Монголын түүх, соёл, үндэсний өв уламжлал, зан заншлаас сургах зорилгоор тус цахим сургуулийн үйл ажиллагааг анх туршиж байжээ.
Сонирхуулахад, сонгон судлах хичээлийг цахимаар бус, танхимд хичээллүүлсэн бол өнгөрсөн онд 640 хүүхдийн багтаамжтай 19 ахлах сургууль, 1718 багш ажиллах шаардлагатай байсан гэх тооцооллыг гаргажээ.
Ч.Болор