Сар шинийн баярын өмнөхөн Боловсролын сайд П.Наранбаяр ирэх хичээлийн жилийн бүтцийн талаар танилцуулсан юм. Өөрөөр хэлбэл, 2025-2026 оны хичээлийн жилийн амралтын хугацааг өөрчилжээ. Энэ онд хичээлийн жилийн бүтцийг гурван улиралтай болгосон. Ирэх жил ч ийм байдал хэвээр үргэлжлэх бөгөөд харин өвлийн амралтын хугацааг нэг долоо хоногоор сунгажээ. Тодруулбал, бага ангийнхан арванхоёрдугаар сарын 15-наас нэгдүгээр сарын 26 хүртэл амрах аж. Сурагчдыг ийнхүү ид хүйтний улиралд зургаан долоо хоног амраах болсноор ханиад, томууны дэгдэлтийг багасгах, түгжрэлийг бууруулахад нөлөөлнө гэж тооцжээ. Харин дунд, ахлах ангийнхан арванхоёрдугаар сарын 22-ноос амрах гэнэ. Гэхдээ дунд ангийнхан эхний долоо хоног цахимаар хичээллэх аж. Өвлийн амралтыг долоо хоногоор сунгасан учир зуны амралт ийм хугацаагаар хойшилно. Өөрөөр хэлбэл, зургаадугаар сарын 8-12-нд шалгалтын долоо хоног үргэлжилж, зуны амралтыг 15-наас эхлүүлэх гэнэ. Үүнтэй холбоотой сайдын тушаалыг хэрэгжүүлэхийг Боловсролын ерөнхий газар болон аймаг, нийслэлийн Боловсролын хэлтэст үүрэгджээ.
Ч.Болор