Хийдэд шавилан сууж буй лам хуврагуудад ерөнхий боловсрол нөхөн олгох цахим хөтөлбөрийг албан ёсоор хэрэгжүүлж эхэлжээ. Тус хөтөлбөр нь буддын гүн ухаанд суралцаж байгаа, Энэтхэг улс болон алслагдсан сумуудын сүм хийдийн лам хуврагуудын боловсролын асуудлыг бүрэн шийдвэрлэх зорилготой аж. Хөтөлбөрийг ерөнхий боловсролын 112 дугаар сургуульд түшиглэн зохион байгуулж, цахим хичээлийг эхлүүлжээ. Цахим хичээлийн нээлтэд 200 орчим суралцагч болон салбарын яамныхан, Гандантэгчэнлин хийдийн төлөөлөгчид оролцсон байна. Цахим сургалтыг ашиглан ерөнхий боловсролын хичээлүүдийг лам хуврагуудын хэрэгцээнд тохируулан хүргэж, уян хатан, хүртээмжтэй байдлаар зохион байгуулж буй аж. Ингэснээр Энэтхэг улсад суралцаж буй лам хуврагууд ерөнхий боловсролын мэдлэгийг цахимаар эзэмших боломж бүрдэв. Мөн суралцахуйн ялгаатай хэрэгцээтэй суралцагчид, алслагдсан бүс нутагт амьдарч буй лам хүүхэд, залуус зэрэг боловсролын үйлчилгээ хүртэхэд хүндрэлтэй, зорилтот бүлгийнхэнд чанартай боловсрол олгох гэнэ.
Ч.Туяа