Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан номын үзэсгэлэнг Үндэсний номын санд нээгээд байна. Эл өдрийг манай улс 1955 оноос эхлэн тэмдэглэж ирсэн түүхтэй. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан НҮБ-аас энэ жил “Бүх охид эмэгтэйчүүдэд эрх, эрх тэгш байдал, эрх мэдэл” гэсэн уриалга дэвшүүлсэн аж. Үүний хүрээнд Үндэсний номын сангийнхан эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахад чиглэсэн 91 номыг үзэсгэлэндээ багтаасан байна. Бүсгүйчүүдийг магтан дуулсан, тэдний алдар гавьяаг таниулсан түүхэн, уран зохиолын, орчуулгын бүтээлүүдтэй уг номын сангаас танилцаж болох нь. Үзэсгэлэн Үндэсний номын сан төв болон салбар байранд энэ сарын 17-ныг дуустал үргэлжилнэ.
Үүнээс гадна Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд эмэгтэй зураачдын хамтарсан “Өнөөдөр” үзэсгэлэн нээжээ. Нэгэн цаг үеийн уран бүтээлч бүсгүйчүүд болох З.Уянга, Д.Бурдаа, М.Баярмагнай нарын зураасан, уран, монгол зургийн төрлөөр туурвисан 40 гаруй бүтээлийг эндээс үзэх боломжтой. Өөр өөрсдийн өвөрмөц онцлог донж төрх бүхий мэргэжлийн уран бүтээлчдийн зургуудыг энэ сарын 13-ныг дуустал үзэж болох нь.
Түүнчлэн Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Because I’m a girl” охидын чуулганыг нийслэлийн ЗДТГ-аас зохион байгууллаа. Гурав дахь удаагаа болсон уг чуулганд 700 охин оролцжээ. Энэ үеэр охидын эрх, хамгаалал, эрүүл мэнд, сэтгэл зүй, аюулгүй байдал зэрэг сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлсэн байна. Мөн өнгө тодорхойлж, имиж бүрдүүлэх, охидын гоо зүй, арьс арчилгаа, иог, эрүүл тэнцвэртэй амьдрал зэрэг хэрэгцээтэй мэдээллийг мэргэжлийн зөвлөгч нар өгчээ.
М.Оч