Улаанбурхан өвчний ес, 10 дахь тохиолдол бүртгэгдсэн талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өчигдөр мэдээлэв. Уг өвчин дэгдсэн Вьетнам улсад аялсан нэг хүүхэд халдвар авсныг өнгөрсөн хоёрдугаар сард баталсан нь энэ оны анхны тохиолдол болсон билээ. Түүнээс хойш гадаадад аялаад ирсэн дөрвөн хүүхэд улаанбурхнаар өвчилсөн. Харин үлдсэн хувь нь дотоодын халдвар аж. Улаанбурхны эсрэг товлолт дархлаажуулалтад хамрагдаагүй хүүхдүүд халдвар авсан нь батлагдсан байна. Тиймээс эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдэдээ улаанбурхны эсрэг товлолт вакцин хийлгэх, хэрэв хоцорсон бол дархлаажуулалтад нөхөн хамруулахыг дээрх төвийнхөн зөвлөв. Өрх, сумын эрүүл мэндийн төвүүдэд дархлаажуулалтыг зохион байгуулж буй аж. Улаанбурхан нь амьсгалын замын цочмог халдварт өвчин бөгөөд хүүхдүүд өвчилсөн тохиолдолд биеийн байдал нь богино хугацаанд хүндэрч, улмаар эндэх эрсдэлтэй юм байна.
Ч.Зул