МУИС-ийн Экологийн боловсролын төвийнхөн ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын санхүүжилттэй “Өсвөр үеийнхэн: Байгаль орчин ба хууль” төслийг дөрөв дэх жилдээ хэрэгжүүлж эхэлжээ. Төслийн нээлт өчигдөр болж, Экологийн боловсролын төв анхны зочдоо хүлээн авав. 2022-2024 онд хэрэгжүүлсэн гурван шатны төслийн хүрээнд Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн алслагдсан сургуулиудын өсвөр үеийн 12 мянга гаруй сурагчийг байгаль орчны хууль, эрх зүйн анхан шатны боловсрол олгох сургалт, хөтөлбөрт үнэ төлбөргүй хамруулжээ. Тэгвэл энэ удаа Баянзүрх, Сүхбаатар дүүргийн 1500 орчим хүүхдийг хамруулж, энэ чиглэлийн боловсрол олгохоор төлөвлөсөн байна.
Ташрамд дурдахад, уг төслийн хүрээнд 2023 онд Экологийн боловсролын төвд Байгаль орчны эрх зүй, танин мэдэхүйн танхим байгуулж, хууль бус агнуурын тухай мэдлэг, мэдээлэл олгох “Амьд үлдээгээч” хөтөлбөрийг сургалтад нэвтрүүлсэн бөгөөд одоогоор үүнд 10 мянга гаруй сурагчийг хамруулаад буй аж.
Ж.Сувд