Анхны 126 гишүүнтэй парламентын бүрэлдэхүүнд өөрчлөлт орж магадгүй нөхцөл үүсээд байна. Нэр бүхий гишүүдийг эгүүлэн татаж, оронд нь нөхөн сонгууль зарлаж ч мэдэх нь. Эл УИХ-д гэмт хэрэгт нэр холбогдон шалгуулж буй цөөнгүй гишүүн бий. Гэхдээ шүүх үүнийг нь нотолж, шийтгэх тогтоол гардуулан өгсөн эхний хүн нь гишүүн Даваагийн Цогтбаатар болов. Тэрбээр 2016-2020 онд Хөгжлийн банкны Зээлийн хэлтсийн захирлаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, хэд хэдэн компанид давуу эрх олгосон хэрэгт яллагдагчаар татагдсан юм.
Гурван шатны шүүхээр түүний гэм буруутайг тогтоож, нийтийн албанд томилогдох эрхийг нь хоёр жилээр хасаж, 20 сая төгрөгөөр торгох ял шийтгэжээ. Харин гишүүн шийтгэх тогтоолоо гардаж авахаас татгалзсаар байв. Гэвч үнэнд гүйцэтгэж, энэ сарын 10-нд гардаж авсан тухай хэвлэлүүд мэдээлж буй. Тиймээс удахгүй нээх хаврын чуулганаар Д.Цогтбаатар гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эсэхийг хэлэлцэх ёстой болсон байна. Асуудалтай өөр ч гишүүд түүний араас “алхах” сураг дуулдаж эхэллээ.
Хэрэг хуучрахгүй
Хөгжлийн банкны гэх хэрэгт нэр холбогдсон 80 орчим хүний нэг нь УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар юм. Тэрбээр УИХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрог буюу Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймагт АН-аас нэр дэвшин, сонгогдсон. Лайвчин Д.Мөнх-Эрдэнийн төрсөн дүү гэдгээр нь иргэд таньдаг. Санхүүч мэргэжилтэй, “Голомт” банкнаас ажлын гараагаа эхлүүлж байсан эл залуу 2016-2020 онд Хөгжлийн банкны Зээлийн хэлтсийн захирлаар ажиллажээ. Энэ хугацаандаа албан тушаалаа ашиглаж, “Мон дулаан”, “Газ импорт”, “Бэрэн” ХХК-д давуу байдал бий болгосны улмаас Хөгжлийн банканд их хэмжээний хохирол учруулсан гэж шүүх үзсэн байна. Анхан шатны шүүхийн шийдвэр өнгөрсөн оны арванхоёрдугаар сард гарч, түүнийг гэм буруутай гэж үзсэний дараа тэрбээр “Би УИХ-ын сонгуульд хуулийн дагуу нэр дэвшиж, ялалт байгуулсан. УИХ-ын гишүүн болсноосоо хойш гэмт хэрэг хийгээгүй. Тиймээс гишүүний ажлаа өгөхгүй, бүрэн эрхээсээ татгалзахгүй” гэсэн тайлбар өгч байв.
Үндсэн хуулийн 29.3-т “УИХ-ын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж, Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно. УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг нэгдсэн чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх, эсэхийг шийдвэрлэнэ. Гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол УИХ түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна” гэсэн заалт бий. Үүнд гишүүн болсныхоо өмнө, хойно гэмт хэрэг хийсэн хэмээн ялгаж үзэх үндэслэл байхгүй юм. Гэмт хэрэг хийснийхээ дараа УИХ-ын гишүүн болсон, үүнийг нь гурван шатны шүүх тогтоолоо. Тиймээс хэрэг хуучрахгүй. Одоо парламент уг асуудлыг хуулийн дагуу хэлэлцэнэ. Түүнийг явуулж, нөхөн сонгууль зарлах магадлал өндөр. Тиймээс 126 гишүүний нэг болох хүсэлтэй, өмнө нь сонгуульд өрсөлдөөд бараагүй, эсвэл нам нь “виз” олгоогүй, гомдож хоцорсон олон хүнд дахин нэг удаа “хүрд эргүүлэх” боломж гарах нь.
МАН Э.Болормаагаа явуулах уу
УИХ-ын сонгуулийн хоёрдугаар тойрог болох Ховд, Увс, Завхан, Говь-Алтай аймагт МАН-аас нэр дэвшиж сонгогдсон гишүүн Э.Болормааг эгүүлэн татахыг улс төрийн гуравдагч хүчний зарим намын төлөөлөл шаардаж буй. Сонгуулийн үеэр тэрбээр “Ханбогд эксплорэйшн” гэх Их Британийн Виржини аралд бүртгэлтэй оффшор компаниас 30 сая төгрөгийн хандив авсан тухай Эрх чөлөөг хэрэгжүүлэгч тэргүүтэй намын төлөөлөл, мөн хуульчид мэдэгдсэн юм. УИХ-ын сонгуулийн тухай хуулийг ноцтой зөрчсөн, төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан уг асуудлаар ҮАГ-т хандсан ч арга хэмжээ авахгүй, нуун дарагдуулж байна хэмээн тэд хардсан. Сонгуулийн үеэр энэ нь ил болж, санал хураах өдрөөс өмнө энэхүү хууль бус хандивыг буцаан шилжүүлэх байх гэж хүлээжээ. Гэвч сонгуулийн дараа гаргасан тайлангаас нь харахад хандивыг буцаагаагүй байсан аж. Хуульч, өмгөөлөгч Б.Мэргэн энэ талаар “Үндэсний аудитын газар зардлын тайланг хянаж, зөрчлийн талаар дүгнэлт гарган, эрх бүхий байгууллагад шилжүүлэх үүрэгтэй. Гэвч ямар нэгэн үйлдэл хийхгүй байсан тул 2024 оны аравдугаар сарын сарын 1-нд албан ёсны тайлбар хүргүүлж, мэдээлэл хүссэн. 2025 он гарсны дараа сэтгүүлчид гишүүнээс энэ талаар лавласан байна лээ. ҮАГ-ын удирдлагуудын тайлбараас харвал зөрчлийг шалгуулахаар эрх бүхий байгууллагад хүргүүлсэн гэж ойлголоо. Хэрэв асуудлыг нягтлаад, Э.Болормаа үнэхээр хууль бус хандивыг буцаан шилжүүлэхгүйгээр зарцуулсан нь тогтоогдвол УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах хууль зүйн үндэслэл бүрдэнэ” гэжээ. Тэгвэл үүнд гишүүн “Хандив өгчхөөд маргааш нь нэрээ сольсон гэхээр улс төрийн зохион байгуулалттайгаар намайг гүтгэж байж магадгүй” гэсэн тайлбар өгчээ. Хаанаас, хэн хандив өгч буйг шалгах нь түүний өөрийн хариуцлага байлтай. Юутай ч уг асуудлыг хуулийн байгууллага шалгаж, эцэслэн тогтоовол хаврын чуулганаар түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эсэхийг хэлэлцэнэ.
Монголын анхны аймгийн Засаг дарга эмэгтэй болж түүхэнд нэрээ бичүүлсэн ч тэрбээр залуу хүний шинэлэг сэтгэлгээ, арга барилаар ажиллаж чадахгүй гэдгээ харуулсан. Мөн УИХ-ын сонгуулийн үеэр монгол гэрийн тооноор орж ирж буй ёс зүйгүй дүрслэлтэй сурталчилгаа цацаж, олон нийтэд шүүмжлүүлсэн юм. Хэдий тэгсэн ч МАН-ынхаа нэрээр баруун бүсээс сонгогдож чадсан. Түүнчлэн гишүүн Ч.Лодойсамбуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах санал гаргахад эсэргүүцэж буйгаа хамгийн түрүүнд илэрхийлсэн хүн нь Э.Болормаа. Намын даргадаа ийнхүү саймширч, хамтарсан Засгийн газрыг хамгаалсан гишүүнээ УИХ-аас эгүүлэн татах “зориг” Л.Оюун-Эрдэнээс гарах болов уу.
Өмнөх түүх
Хэрэв хаврын чуулганаар Д.Цогтбаатарын бүрэн эрхийг түдгэлзүүлбэл энэ нь түүхэнд гурав дахь тохиолдол болох юм. Хамгийн анх 1996-2000 оны парламентаар гурван гишүүнийхээ бүрэн эрхийг түдгэлзүүлэн, хуулийн байгууллагад ажиллах боломж олгосон түүхтэй. Тухайн үед казиногийн гэх хэрэгт холбогдон тендер будилуулж, авлига авсан хэмээн гишүүн Д.Энхбаатар, Д.Баттулга, С.Батчулуун нарын бүрэн эрхийг түдгэлзүүлж байсан юм. Хуулийн байгууллага тэднийг шалгасны эцэст авлигын хэргээр ялласан. Үүнээс хойших парламентуудад цөөнгүй УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, шалгах хүсэлтийг ерөнхий прокурорын зүгээс гаргаж байв. Гэвч УИХ гишүүдээ хамгаалж үлдээсээр ирсэн юм. Харин 20 жилийн дараа түүх давтагджээ. 2020-2024 оны парламентаар хоёр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэв. Уг УИХ элдэв гэмт хэрэгт нэр холбогдсон, шалгуулж буй хүмүүсийнхээ тоогоор түүхэнд дээгүүр бичигдэж байлаа. Тодруулбал, УИХ-ын 76 гишүүний 15 нь Хөгжлийн банк, “нүүрсний” зэрэг хэрэгт нэр холбогдсон юм. Улмаар долоо нь яллагдагчаар татагдаж, гурав нь ял сонсжээ. Ерөнхий прокуророос “нүүрсний” хэрэгт холбогдсон гишүүн Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлж өгөх хүсэлт тавьсан байдаг. Харин УИХ эхний хоёрынх нь бүрэн эрхийг чөлөөлөх хүсэлтийг хүлээн авч, Н.Наранбаатарыг хамгаалж үлдсэн. Түүнчлэн уг парламентын үед мөн л хэрэгт холбогдсон гишүүдийн нэг Ж.Мөнхбат өөрийн хүсэлтээр бүрэн эрхээсээ татгалзсан билээ. Үүнээс гадна ёс зүйн том алдаа гаргаж, нийгэмд шүүмжлүүлсэн гишүүн Д.Гантулга 2018 онд өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасныг УИХ ёсоор болгосон. 2020 онд гишүүн Н.Номтойбаяр мөн хуулийн байгууллага өөрийг нь шалгаж эхэлмэгц хүсэлтээрээ чөлөөлөгдөж байсан билээ.
УИХ-ын 126 гишүүний бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, эсэхийг удахгүй бид мэднэ. Гурван шатны шүүхийн шийдвэр илүү юү, улс төрийн эрх ашиг чухал уу. АН-ын дарга Л.Гантөмөр ял сонссон гишүүнээ аварч үлдэхийн тулд МАН-ынхантай ямар нэг хэлцэл, тохироо хийх үү, эсвэл явуулж орхиод нөхөн сонгууль зарлах уу гэдэг нь ч тодорхой болно. УИХ хууль боловсруулж, баталдаг газар. Баталсан хууль, дүрмээ өөрсдөө мөрдөх үүрэгтэй. Тэгэхээр шударга ёс, эсвэл улс төрийн эрх ашгийн аль нь ялахыг харах л үлдэж байна.