Нэгэн бүсгүй нохой зээхийг машинаар элдэн хөөж, гэрийнхээ гадна авчирч буй дүрс бичлэгээ фэйсбүүк хуудсаараа дамжуулан олон нийтэд түгээсэн. Ядарч туйлдсан эл амьтныг гэрийнхээ гадаа авчирсныхаа дараа ч тэрбээр сониучирхаж, ойроос бичлэг хийж байв. Тэгвэл амьтан судлаачид, учир мэдэх хүмүүс түүний эл үйлдлийг буруутган шүүмжиллээ. Нэгдүгээрт, байгалийн жамаар амьдарч буй ямар ч зэрлэг амьтныг хөөж элдэх, айлгаж цочоох зэргээр амгалан тайван байдлыг нь алдагдуулж болохгүйг тэд хөндөв. Хоёрдугаарт, тайгын мангас гэгддэг нохой зээх нь хурц догшин авиртай, өөрөөсөө биеэр том амьтдыг ч төвөггүй авладаг, олзоо маш удаан хугацаанд ажиглаж, шинжиж, дагаж байж барьдаг тул хүн, малд гойд аюултай, ялангуяа айлын гэр, хот руу ойртуулах нь эрсдэлтэй гэнэ. Гуравдугаарт, өвөл, хаврын зудын үед эл амьтан малын сэг зэм ихээхэн хороодог тул байгалийн цэвэрлэгч гэж нэрлэдэг аж. Тиймээс нохой зээх ойр байх нь мал, амьтны гоц халдварт, халдварт өвчин тархах эрсдэлийг ч нэмэгдүүлдэг байна.
Н.Ган