УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл мэдээлэл өглөө. Тэрбээр, "Ерөнхий сайд парламентад ёсыг үгүйсгэсэн байж болох мэдээллийг бид өнгөрсөн долоо хоногт сонссон. Энэ бол зөвхөн хувь хүний асуудал биш. Ард түмний төлөөллийг хэн нэгэн хүний төлөөлөл мэтээр УИХ-ын индэр дээрээс мэдээлж байгаа нь үнэхээр зарчимгүй үйлдэл хэмээн үзэж байна.
Ерөнхий сайд гэдэг хүнийг УИХ-аас томилдог. Гэтэл УИХ-ынхаа дээр гарч суугаад УИХ-ын гишүүдээ доромжилж байгаа нь хэлбэрийн асуудал биш юм. Иймд Монголын ард түмэн, тэдний төлөөллөөс уучлалт гуйх хэрэгтэй. МУ-ын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тавдугаар сарын 01-ний өдөр болох нэгдсэн чуулганы хуралдаанаас өмнө УИХ-ын гигшүүн Ж.Баярмаа болоод УИХ, ард түмнээс албан ёсоор уучлалт гуйхыг шаардаж байна. Хэрэв уучлалт гуйхгүй бол Ардчилсан нам бүлэг чуулганаар хэлэлцэх бүх асуудлаас завсарлага авна" гэлээ.