Дэлхийн томоохон хотууд өөрийн нэрийн хуудас болсон марафоноор дамжуулан спортын соёл, зохион байгуулалтын чадамж, улсынхаа нэр хүндийг олон улсад тунхагладаг. Уг нь манай хотын байршил буюу далайн түвшнээс дээш 1350 метрийн өндөрлөг цэг нь дэлхийн шилдэг гүйгчдийн тэсвэр хатуужлыг сорих томоохон шалгуур, сонирхолтой талбар болдог аж. Гэвч энэхүү давуу талыг ашиглан олон улсын элитүүдийг татахын оронд хариуцлагагүй, зохион байгуулалтгүй менежментийн бүдүүлэг алдаанаасаа болоод “Улаанбаатар марафон” жил ирэх тусам нэр хүндээ алдсаар байна. Өөрөөр хэлбэл, 11 дэх жилдээ болох тус марафоны төсөв жил бүр данхайж байгаа ч агуулга, чанарын хувьд урагшлах нь битгий хэл, ухарсаар буй аж. Өнөө жил л гэхэд төсвийн 900 сая төгрөг дээр 46 мянган гүйгчийн мандатын хураамж, ивээн тэтгэгчдийн хөрөнгө оруулалт нэмэгдэж, нийтдээ хоёр тэрбум төгрөг давсан асар их мөнгө эргэлдэж байгаа юм.
Гэтэл хамгийн хачирхалтай нь, бүртгэлийн хураамж нь хүртэл нэмэгдэж (бүтэн марафон 90 000, хагас марафон 70 000), тамирчид, иргэдийн халааснаас тэрбум гаруй төгрөг төвлөрүүлж буй хэрнээ шагналын сан нь хэдэн жилийн өмнөх түвшиндээ гацжээ. Түрүүлсэн тамирчинд олгох 10 сая төгрөг буюу 3000 орчим ам.доллар нь дэлхийн дундаж марафонуудын шагналаас 5-10 дахин бага үзүүлэлт юм. Ийм доожоогүй шагнал амлачхаад олон улсын хэмжээний хэмээн тодотгож, дээд түвшний чансаатай тамирчдыг хүлээх нь утгагүй. Угаас иймхэн шагналын сантай газарт тэд ирж, хөлсөө дуслуулахгүй нь хэн бүхэнд ойлгомжтой.
Мөн олон улсын жишгээр элит тамирчдын нэрсийг тэмцээн болохоос дор хаяж гурван долоо хоногийн өмнө зарлаж, дэлхий нийтэд сурталчилдаг. Гэтэл манайд энэ мэдээлэл гарааны зурхай дээр зогсох хүртэл “нууц”. Эсвэл бүр тодорхойгүй байсаар уралдаантай золгодог. Түүнчлэн спортоос хол хөндий төрийн албаны хурган дарга нар эл арга хэмжээг гардан зохион байгуулсны уршгаар марафон биш, хонь, ямаа нийлсэн замбараагүй алхалт болж хувирдаг жишиг тогтов. Олон улсын стандартаар мэргэжлийн тамирчид болон сонирхогчдыг зэрэглэлээр нь ялгаж, өглөөний сэрүүнд буюу 07.00 цагт гараанаас гаргах ёстой. Гэтэл манайхан нар дээр хөөрч, халуун төөнөсөн 10.00 цагт бүх зайн гүйгчдийг нэг дор бөөгнөрүүлэн бөөндньгараанаас гаргадаг. Үүнээс болоод амжилт гаргах гэж ирсэн мэргэжлийн тамирчид нь сонирхогчдын үүсгэсэн “түгжрэл” дундуур сүлжиж, хэмнэлээ алдан, арга буюу алхсаар барианд орохдоо тулдаг байна. Өнгөрсөн жил түрүүлсэн Кенийн тамирчин Денис Мугенди барианд орохдоо манай зохион байгуулалтын энэ мэт тэнэглэлд толгой сэгсрэн “F” дүн тавьсныг уншигчид санаж буй байх.
Түүнчлэн тамирчнаа гэх өчүүхэн төдий сэтгэлгүй нь усны цэг дээрээс харагддаг. Бүтэн марафоны зайд таван км тутамд найман усны цэг байх ёстой атал энэ жил ердөө таван цэг төлөвлөжээ. Олон улсын жишигт нийцсэн стандарт маркетинг биш, даргын пиарыг тултал хийж, өөрсдийгөө сурталчилж чаддаг хэрнээ тамирчдын эрүүл мэнд, амжилтад нөлөөлөх хамгийн чухал хэрэгцээг хангаж чадахгүй байгаа нь хачирхалтай. Мөн оролцогчдод зориулсан анхааруулга, зөвлөмж, уралдааны соёл гэж алга. Гүйлтийн зам дээр сэлфидэх гэж зогсох, эсвэл гутлын үдээс тайлагдах төдийд замын голд шууд суугаад үдэх зэрэг бүдүүлэг байдал гаргадаг. Гэнэт зогсох, эсвэл доош суух нь ард яваа тамирчдын хурдыг сааруулаад зогсохгүй, мөргөлдөх, бэртэж гэмтэх өндөр эрсдэлтэйг хэн ч сануулдаггүй.
“Улаанбаатар марафон”-д өнөө жил 46 306 хүн бүртгүүлжээ. Гэхдээ энэ бол зөвхөн мандат авсан хүмүүсийн тоо. Уралдааны өдөр бүртгүүлээгүй иргэд нэмэгдэн гүйхээр энэ тоо 50 мянга давах нь гарцаагүй. Тиймээс “Улаанбаатар марафон”-ыг хэн нэгэн даргын өөрийгөө сурталчлах шоу, олныг хамарсан алхалт төдий бус, олон улсын мэргэжлийн түвшний жинхэнэ уралдаан болгон шинэчлэх цаг болжээ. Татвар төлөгчдийн олонтэрбум төгрөгийг шоу цэнгээнд үр ашиггүй цацах бус, тамирчдын амжилт, спортын стандарт, аюулгүй байдалд зарцуулахыг иргэд, тамирчид шаардаж байна.
Э.Сүйлэн