Байгалиа хайрлан хамгаалахад залуусыг оролцоог дэмжих зорилготой “Өвлөгдөн үлдэх газар нутаг мину” сэдэвт илтгэлийн уралдааныг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, байгаль хамгааллын “The nature conservancy in Mongolia” байгууллагаас хамтран зохион байгуулна. Уг уралдаанаар дамжуулан эх дэлхийгээ унаган төрхөөр нь хадгалж, үр хойчдоо өвлүүлэхийн ач холбогдлыг залуу үеийнхний дуу хоолойгоор үе тэнгийнхэнд нь хүргэх, Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн үнэ цэн, ач холбогдлыг олон нийтэд ойлгуулах, таниулахаар зорьж буй аж. Уралдаанд их, дээд сургуулийн биологи, байгалийн шинжлэх ухаан, экологи, сэтгүүл зүй, утга зохиолын чиглэлээр суралцаж буй оюутнууд оролцох боломжтой. Оролцогчид “Өвлөгдөн үлдэх нутаг буюу байгалийн нөөцийг хайр гамтай ашиглаж, хойч үедээ өвлүүлэн үлдээх нь”, “Тусгай хамгаалалттай газар нутгийн үнэ цэн, ач холбогдол залуу үеийнхний нүдээр”, “Бид амьд явахад аль нь илүү чухал вэ. Үйлдвэрлэл үү, байгалийн нөөц үү” сэдвээр бэлтгэсэн илтгэлээ энэ сарын 20 хүртэл видео хэлбэрээр илгээх аж. Ирүүлсэн бүтээлүүдээс бүтээлч, шинэлэг санаа дэвшүүлсэн, баримтаар санаагаа баталсан илтгэлүүдийг хоёрдугаар шатанд шалгаруулах гэнэ.
А.Үүл