Монголчууд жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагт бүх нийтээрээ мод тариад 15 жил болж байна. Өнөө жилийн хаврын мод тарих өдөр энэ сарын 10-нд буюу нөгөөдөр тохионо. Үүний хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийнхэн эл өдөр “Та мод тарьсан уу” уриан дор нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөжээ. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлж эхэлснээс хойш бүх нийтээр мод тарих санаачилгыг илүү өргөн хүрээнд, олон өдөр зохион байгуулах болсон билээ. Холбогдох байгууллагынхан иргэд, аж ахуйн нэгжүүдийг нийслэл дэх тодорхой байршлуудад хуваарилан мод тариулдаг жишиг тогтсон. Эдгээр байршлын нэг болох Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд энэ хавар 4500 орчим мод тариулахаар төлөвлөжээ. Цэцэрлэгт хүрээлэнгийнхэн одоогоор 20 гаруй аж ахуйн нэгж, 50 орчим иргэнээс 3000 орчим мод, бут тарих урьдчилсан захиалга авсан гэнэ. Гэр бүл, хамт олон, найз нөхдөөрөө мод тарих хүсэлтэй хүмүүс тус байгууллагын 7555 4646 дугаарын утас болон info@ ub.park.gov.mn хаягаар урьдчилсан захиалга өгөх боломжтой. Ташрамд дурдахад, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамныхан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд нийслэлийн 108 хороонд “Айл бүр хашаандаа таван мод” төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж буйгаа өчигдөр мэдээлэв.
Н.Мишээл