Ой есөн сартай хүүхэд зургаадугаар сарын 10-нд халтирч унасны улмаас тархи нь гэмтэж, цус харвасан гэх урьдчилсан оноштойгоор Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-д хүргэгджээ. Гэвч эмнэлгийн MRI болон компьютер томографын аппарат эвдэрсэн тул тархины аль хэсэг гэмтсэнийг тодорхойлох боломжгүй байгаа аж. Тус төвийнхөн хүүхдийг оношилж чадалгүй сэхээн амьдруулах тасагт 48 цаг хэвтүүлсэн бөгөөд улмаар эмч нар эцэг, эхэд нь “найдваргүй” гэх хариу өгсөн байна. Тиймээс ар гэрийнхэн нь хүүхдийн оношийг тодорхойлох зорилгоор “Гурван гал” эмнэлэг рүү зөөжээ. Толгойдоо гэмтэлтэй хүүхдийг тээвэрлэж, хөдөлгөх нь өндөр эрсдэлтэйд тооцогддог ч улсын эмнэлгийн шаардлагатай тоног төхөөрөмж ажиллахгүй байсан тул ар гэрийнхэнд нь өөр сонголт байхгүйгээс ийм эрсдэлтэй алхам хийсэн гэнэ. ЭХЭМҮТ-ийн эмч нараас энэ талаар тодруулахад “MRI болон томографын аппарат засвартай байгаа” гэсэн тайлбар өгөв. Харин ар гэрийн¬хэн нь “Улсын хэмжээний эмнэлэг тоног төхөөрөмжийн бэлэн байдлаа яагаад хангаж чадахгүй байна вэ. Эрүүл мэндийн яам, хариуцсан албан тушаалтнууд нь ийм чухал төхөөрөмжийг нөөцөлж, шуурхай засах боломжоор яагаад хангасангүй вэ” хэмээн гомдол мэдүүлж байгаа юм.
С.Энхжаргал