Экологийн боловсрол, мэдлэгийг дэмжих зорилготой явган алхалт, аялал зохион байгуулдаг “Мэдлэгтэй алхагч залуусын нэгдэл” төрийн бус байгууллагынхан нийслэлийн Байгаль орчны газартай хамтран минжтэй танилцуулах хөтөлбөртэй аялал зохион байгуулж байна. Хамгийн сүүлд энэ сарын 21-нд буюу өнгөрсөн бямба гарагт ээлжит аяллаа зохион байгуулж, хүүхэд, залуусыг “усны инженер”-үүдтэй танилцуулжээ.
Нийслэлийн Байгаль орчны газрын харьяа Минж үржүүлэх, нутагшуулах төв нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг, Гачууртын төвөөс долоон км-ийн зайд байрладаг. Туул голын экосистемийг байгалийн аясаар тэнцвэржүүлж, бохирдол, доройтлыг нь бууруулах зорилгоор анх уг төвийг 2012 онд байгуулж, ус цэвэршүүлэгч инженер гэгддэг эл амьтныг өсгөн үржүүлэх, байгальд нутагшуулж эхэлсэн юм. Экологичид өнгөрсөн хугацаанд Туул голын эхэнд 77 бодгаль нутагшуулсан бол одоо уг төвд 40 гаруй минж амьдарч буй аж. Тэднийг ойроос харж, танилцахыг хүсвэл, мэргэжлийн судлаачдын тайлбар, мэдээлэл сонсох сонирхолтой бол Минж үржүүлэх, нутагшуулах төвийн 7272-0303 утсаар холбогдон урьдчилан холбогдон очих боломжтой гэнэ. Тус төв иргэн бүрд нээлттэй, үнэ төлбөргүй гэдгээрээ онцлог. Харин алхагч, аялагч залуустай нэгдэн хамтдаа явахыг хүсвэл унаа, өглөө, өдрийн хөнгөн зууш, уух зүйлсийнхээ төлбөрт багахан хураамж төлөөд, Гачууртыг зорьж болно.
Н.Мишээл