Дэлхийн банкнаас Азийн ойн хамтын ажиллагааны байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Монгол орны ногоон, тогтвортой ландшафтын төсөл”-ийнхөн манай улсын Ойн газартай хамтран ойн салбарын мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтыг үе шаттай зохион байгуулж байна. Дээрх төслийн гол зорилго нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжих, нүүрстөрөгчийн санхүүгийн механизм бүрдүүлэх, ойжуулсан талбайн нүүрстөрөгчийн шингээлтийг тооцоолох загвар боловсруулж, нэвтрүүлэх юм. Энэ үүднээсээ сургалын үндсэн сэдэв, агуулга нь ойн нүүрстөрөгчийг хэрхэн бодитой, зөв тооцоолох, хяналт мониторинг хийхэд чиглэж буй гэнэ.
Манай улсын ойн салбарын мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтын эхний үе шатыг энэ сарын 16-20-нд БНСУ-д зохион байгуулсан бол удаах нь Улаанбаатарт үргэлжилж байна. Сургалт энэ сарын 27 хүртэл үргэлжлэх аж. Өмнөд Солонгост болсон сургалтын үеэр мэргэжилтнүүд тус улсын Ойн судалгааны үндэсний хүрээлэн, Хиймэл дагуулын мэдээллийн үндэсний төвд зочилжээ. Харин сургалтын II шатанд хөдөө аж ахуйн болон ойн чиглэлийн төслүүдийн талбайд ажиллаж, нүүрстөрөгчийн шингээлтийг тооцоолох, хүлэмжийн хийн нөлөөллийг үнэлэх дадлага хийж байгаа гэнэ.
Н.Мишээл