Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 3.2, зарлагыг 1.8 их наяд төгрөгөөр бууруулах төслийг Засгийн газраас өнгөрсөн долоо хоногт өргөн барьсан. Ингэснээр улсын төсвийн орлого 30.2, зарлага 31.7 их наяд төгрөг болох юм. Зарлагыг ижил хэмжээгээр бууруулаагүй учраас дотоодын нийт бүтээгдэхүүний 1.5 хувьтай тэнцэх хэмжээний алдагдалтай гэсэн үг. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хориг тавин байж “засуулсан” алдагдалгүйтөсвийн түүх эндхүрээдтөгсөх, эсэхийг одоо парламент шийднэ. Учир нь УИХ энэ долоо хоногт төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийх юм. Энэ бол төсвийн төсөлд засвар хийж, үрэлгэн, зайлшгүйбиш зардлуудыг хасах хамгийн гол үе шат. Мөн 2025 оны төсвийн тодотголыг хэлэлцэж буй улс төрийн цаг үе өмнөхөөсөө огт өөр болсон. Тэр үед Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын оруулж ирсэн үрэлгэн, хэт өөдрөг төсвийг УИХ-ын нэр бүхий хэдхэн гишүүнээс бусаднь хэлгүй, дүлиймэт суусаар баталжөгч байв. Харин одоо АН-ын 42 гишүүн сөрөг хүчний байр суурьд ирээд буй. Тиймээс хариуцлагатай, хяналттай ажиллана гэсэн хүлээлт байна.
ЗАРДЛЫГ ДАХИН 1.8 ИХ НАЯДААР ХАСАХЫГ ЗӨВЛӨЖЭЭ
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг Ерөнхий сайд Г.Занданшатар “Хэмнэлтийн тодотгол” хэмээн тодорхойлжээ. Улмаар төр өөрөө бүсээ чангалахаас хэмнэлтээ эхэлнэ, багш, эмчээс бусад төрийн албан хаагчийн тоог есөн хувиар бууруулна гэв. Энэ бол УИХ-аас баталсан “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө”-нд тусгасан зорилт. Төрийн албан хаагчдын тоо 230 мянгад хүрч, ажиллах хүчний 16 хувьтай тэнцжээ. Тиймээс дарга нарын тоог бууруулж, тэтгэвэрт гарсан, эсвэл сул орон тоонд хүн авахгүй байх, төрийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх, давхардал, хийдлийг арилгахаар зорьсон гэнэ. Эндээс 300 тэрбум төгрөг хэмнэх аж. Үлдсэн 1.5 их наядыг төсөвт байгууллагуудын зардлаас хасна. Эдгээр байгууллагын түлш, халаалтын тарифыг нэмэгдүүлэхээр 2025 оны төсөвт туссан зардлыг 121.9 тэрбум төгрөгөөр хасаж, төрийн тусгайгаас бусдынх нь тээвэр, шатахуун, дотоод албан томилолтын зардлыг 28.9, төрийн өндөр, дээд айлчлал болон өндөр түвшний зочин төлөөлөгч хүлээн авахаас бусад гадаад албан томилолт, зочин, төлөөлөгч хүлээн авах зардлыг 4.5, тавилга, эд хогшил худалдан авах, урсгал засвар хийх, багаж техникийн зардлыг 104.4 тэрбум төгрөг гэх мэтээр бууруулах гэнэ. Мөн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд зарим өөрчлөлт оруулсантай холбоотойгоор 8.4 тэрбум төгрөг хэмнэх юм. Үүнээс гадна Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу тавдугаар сарын 31-нээс өмнө худалдан авах ажил нь дуусаагүй, гэрээ хийгээгүй төслүүдийн санхүүжилтийг зогсоож, улмаар 535.9 тэрбум төгрөг хэмнэх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргасан. Тэгэхээр төсвийн зарлагыг нийт 2.1 их наядаар хэмнэх аж. Хэмнэлтийн тодотгол болж чадах уу
Үүнийг сайд нарын багцаас хасна. Тодруулбал, Эрүүл мэндийн сайдын төсвөөс 69.9, Хот байгуулалт, орон сууцжуулалтын сайдынхаас 36, Боловсролын сайдаас 33, Зам тээврийн сайдаас 33, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаас 19.7, бусдаас нь 120.7 тэрбум төгрөгийн төслийн санхүүжилтийг зогсоосон аж.
Юутай ч тодотголд тусгасан 1.8 их наяд төгрөгөөр зардал танах нь хангалтгүй гэж цөөнгүй гишүүн үзэж байгаа юм. Мөн Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс гаргасан дүгнэлтэд ч энэ тухай сануулж, зарлагыг нэмж 1.8 их наяд төгрөгөөр бууруулах шаардлагатай гэжээ. Тус зөвлөлийн дарга А.Энхбатын танилцуулсан зөвлөмжид мөн “Манай улс дунд хугацааны макро эдийн засгийн хүрээ баталдаг. Гэвч уг хүрээ нь төсвөө, төсөв нь тодотголоо даган өөрчлөгддөг болоод байгаа нь эрсдэл мэдрэх гол арга хэрэгслийг үр дүнгүй болгож, эмзэг байдлыг нэмэгдүүлэн, үндэсний сөрөн тэсвэрлэх чадварт сөргөөр нөлөөлж байна” хэмээсэн юм. УИХ-ын гишүүн Ж.Баярмаа “Төсвийн орлогыг 10.6, зарлагыг 5.4 хувиар бууруулах юм байна. Орлогоо тооцчихоод зарлагаа түүндээ тохируулж болдоггүй юм уу. Өмнө нь Ерөнхийлөгчтэй хамтарч байж алдагдалгүй төсөв болгосон шүү дээ. Төрийн өмчит компаниудад 68 орчим их наяд төгрөгийн өмч байна. Энэ бүхнээ зарахгүй юм уу. Гүржийн Эдийн засгийн сайд нь “Сүнснээсээ бусад төрийн өмчийг зар” гэж хэлсэн байдаг. Тэгж байж энэ улс хөгжсөн” гэхэд Сангийн сайд Б.Жавхлан “Орлого бүрдүүлэх бүх боломжоо дайчилна. Төрийн өмчийн компаниудын эдийн засгийн үр өгөөжийг нэмэх талаар бид ажиллаж байгаа. Харин тэдгээрийг хувьчлах, эсвэл байгаа хөрөнгийг нь зарах замаар төсөвт орлого төвлөрүүлэх тухайд компаниудын удирдлагатай тулж сууж ярих хэрэгтэй. Бид уул уурхайн салбарт нүүрснээс бусад үнэ нь өсөж буй алт зэрэг түүхий эдийн экспортын орлогыг нэмэгдүүлэхэд анхаарна” гэсэн юм.
Мөн дарга нарыг цөөлнө, төрийг цомхон, чадварлаг болгоно гэчхээд нөгөө талдаа дэд сайд нарын албан тушаалыг сэргээх тухай яриа гарч буйг ч зарим гишүүн шүүмжилсэн.
ХЭН ХАРИУЦЛАГАХҮЛЭЭХ ВЭ
2024 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан эл парламент жил хүрэхгүй хугацааны дотор дөрөв дэх удаагаа улсын төсвийг хэлэлцэж буй нь энэ. Эхлээд тэд 2023 оны төсвийн гүйцэтгэлийг хэлэлцсэн юм. Залгуулаад 2025 оны улсын төсвийг түүхэнд анх удаа хоёронтоо, хугацаа сунган хэлэлцэж баталсан. Улмаар хагас жилийн дараа өнөөх “үйлийн үртэй” төсөвтөө тодотгол хийх гээд сууж байна. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 2025 оны улсын төсвийн орлого, зарлагыг хэт өсгөн, олон их наядаар нэмэгдүүлэн оруулж ирсэн юм. Тухайн үед гишүүн Ж.Баярмаа, Д.Энхтүвшин, Б.Түвшин, Г.Тэмүүлэн нар ингэж болохгүйг сануулж, 3.6 их наядаар зарлагаа танахыг шаардаж байлаа. Бусад нь ус балгасан мэт чимээгүй суусан гэхэд болно. Учир нь тухайн үед парламентад сөрөг хүчин байсангүй. Үндэсний эвсэл, ИЗНН-ын “азаар” сонгогдсон, жагсаалтын хүмүүс туршлагагүй, мэдлэггүй, дарга нар нь зориггүй. Ер нь л бүгд Л.Оюун-Эрдэнийн “атганд” байсан нь нууц биш. Тиймээс эхний төсвийг “ногоон гэрэл”-ээр УИХ батлав. Ингэхдээ “Удахгүй тодотгол хийгээд зарим үрэлгэн зардлаа таначихъя” гэж иргэдийг хуурахаа мартсангүй. Харин Ерөнхийлөгч үүнд нь хууртаагүй юм. Төсөвт бүхэлд нь хориг тавьж, алдагдалгүй, үрэлгэн биш болгон засах шаардлага тавьсан. Улмаар орлого, зарлагыг 33.5 их наядаар тэнцүүлж, алдагдалгүйболгоод арванхоёрдугаар сар гаргаж байж арай гэж баталсан билээ. Хэдийгээр хоёр их наядаар хэмнэсэн ч уг төсөв нь өөрөө данхар, тооцоо, судалгаа муутай олон төслийг зэрэг санхүүжүүлэхээс эхлээд “но” нь үлдсэн билээ. Мөн тухайн үед нүүрсний үнийг хэт өөдрөгөөр төсөөлж байгааг зарим гишүүн сануулахад үл тоосон. Засгийн газрын төсөлд нүүрсний үнийг 105 ам.доллароор төсөөлж баталсан. Гэтэл өнөөдөр нүүрсний үнэ дэлхийн зах зээлд 40 гаруй ам.доллароор буурч, 70 болоод байна. Ажил хэрэгч, бодит шүүмжлэлийг үл тоож, тооцоолол, төсөөллөө дутуу хийсний гороор манай улсын орлого 3.2 их наяд төгрөгөөр тасрахад хүрсэн тул ийнхүү тодотгол хийх гэж байгаа билээ. Хүчтэй сөрөг хүчинтэй болсны ачаар ч юм уу, УИХ-ын гишүүдийн олонх үүндсанал нэгдэж байна лээ.
Сангийн сайд Б.Жавхлан аливаа өөрчлөлт, бодит шүүмжлэлийг шууд хүлээн авах тун дургүй нэгэн. Тэрбээр 2022 оноос хойш Сангийн сайдаар гурав дахь Засгийн газартаа ажиллаж байна. Гэтэл түүний л хариуцаж боловсруулсан төслүүдийг парламент жилийн дотор дөрөв дэх удаагаа засаж буй нь энэ. Төсвийг алдаагүй, зөв тооцоо, судалгаатайгаар оновчтой боловсруулах нэг үндсэн үүргээ тэр биелүүлж чадаагүй нь энэ бүхний баталгаа. Харин Г.Занданшатар түүнд хариуцлага тооцохын оронд улираалаа. Гишүүн Ж.Баярмаа “2024 оны төсвийн гүйцэтгэлээр 15.7 их наяд төгрөгийн алдаа, зөрчил гарсан байна. Энэ нь өмнөх оныхоос 93 хувиар илүү гэжээ. Эхэлж гүйцэтгэлээ хэлэлцээд, үүний дагуу тодотголоо засаж, чиглүүлээд явах ёстой юм биш үү. Төсвийн төлөвлөлт буруу, орлогоо хэт өөдрөгөөр тооцдог. Нүүрсний үнийг хэт өөдрөг тооцлоо, цаашид унах нь гэж арваннэгдүгээр сард гишүүд ч, бусад байгууллагаас ч сануулаад байхад Сангийн сайд Б.Жавхлан тоогоогүй. Төсвийн тухай хуулийн 70.4-т “Төсвийн төслийг боловсруулж батлуулахдаа үндэслэлгүй тоо, мэдээлэлд суурилсан нь гүйцэтгэлээр тогтоогдсон бол уг албан тушаалтныг чөлөөлнө” гэж заасан. Хэнд, ямар хариуцлага хүлээлгэх вэ, Сангийн сайд та төсвийг буруу тооцоолсон гэж үзэж байна уу” гэхэд Б.Жавхлан “2024 онд төсвөө төлөвлөж эхлэхүед Монгол гэлтгүй дэлхий даяар төсөөлөл өөдрөг байсан” хэмээн биеэ өмгөөллөө. Харин Ерөнхий сайд “Таны хэлсэн зарчимтай санал нийлж байна” гэсэн бө өрөнхий хариу өгөв. Түүнчлэн Ерөнхий сайд төсвийн хэмнэлт хийхдээ тооцоо, судалгаанд суурилна гэсэн ч тодотголтой холбоотой гомдол, шүүмжлэл мэргэжлийн байгууллагуудаас хэдийн гараад эхэлжээ. Монголын хуульчдын холбооноос шүүхийн төсвөөс танахыг буруутгаж, бие даасан үйл ажиллагаа явуулах боломжид халдаж байна гэж үзэж буйгаа мэдэгдлээ. Эрүүл мэндийн сайдын багцаас хамгийн их буюу 70 орчим тэрбум төгрөг хассанаар эмнэлгийн олон чухал тоног, төхөөрөмж авах боломжгүй болохыг эмч нараас эхлээд зарим гишүүн хэлж буй. Байгуулагдаад долоо хонож байгаа Засгийн газар “хэмнэлтийн” гэсэн сүртэй нэртэй ч энэ мэтээр дутуу дулимаг, яаруу сандруу тодотгол оруулаад ирэв үү.