Үндэсний номын сангийн салбар номын санд “Монголын музейн хөгжил 100 жил” номын нээлт болов. Уг бүтээлд Мон¬голд музейн салбар хэрхэн үүсэж хөгжсөн үйл явцыг баримт, мэдээлэл, олон талт эх сурвалжуудад тулгуурлаж, музейн сан хөмрөг бүрдүүлэлт, хадгалалт, хамгаалалт, судалгаа, үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалт, хөгжил, дэвшил, өөрчлөлтийг олон талаас нь шинжлэн харуулахыг зорьжээ.
Эл номын ерөнхий редактор, ажлыг удирдан зохион байгуулсан СУИС-ийн харьяа СУСХ-гийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор (Sc.D), профессор Ч.Алтанцэцэг бүтээлийн танилцуулгыг хүрэлцэн ирсэн зочдод толилуулж, зөвлөхөөр ажилласан Музейн шинэ хөгжил нийгэмлэгийн тэргүүн, СУИС-ийн хүндэт профессор, Олон улсын музейн зөвлөлийн Монголын үндэсний хорооны ахмад гишүүн Д.Цэдмаа талархлын үг хэлж, Үндэсний номын сан болон Соёл урлаг судлалын хүрээлэнд өөрийн бүтээлийн дээжээ хүлээлгэн өгөв. Бүтээлийн дээжийг номын сан, музейн төлөөлөл, эрдэмтэн судлаачид болон зочдод гардууллаа.