“Өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хөгжил, шинэчлэл-25 жил” үндэсний чуулганыг өнгөрсөн баасан гарагт Төрийн ордонд зохион байгууллаа. Монголд өрхийн анагаах ухааны шинэ тогтолцоо, өрхийн эмнэлэг үүсэж хөгжсөний 25 жилийн ой энэ өдрүүдэд тохиож буй. Улсын хэмжээнд өнгөрсөн оны байдлаар Өрхийн эрүүл мэндийн 227 төв үйл ажиллагаа явуулсны 151 нь Улаанбаатарт, үлдсэн нь орон нутагт тусламж, үйлчилгээ үзүүлжээ. Өрхийн эмнэлгүүдэд ажиллаж буй 3867 эмч, мэргэжилтэн 2024 онд 7.1 сая үзлэг хийсэн аж. Үүнийг сүүлийн 10 жилийн дундажтай харьцуулахад сая гаруйгаар, 2023 оныхоос 616 мянгаар нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн дээрх чуулганы үеэр “Бүх нийтийн эрүүл мэндийн хамрагдалтыг нэмэгдүүлэхэд анхан шатны тусламж, үйлчилгээ онцгой үүрэгтэй. Улс орны эрүүл мэндийн салбарын гол зохицуулагч, үндэс суурь нь ч анхан шатны байгууллага, тэнд ажиллаж буй эмч, сувилагч нар байдаг. Өрхийн эмнэлэ гнь тухайн иргэний амьдралын туршид эрүүл мэндийг нь дэмжих, хамгаалах, урьдчилан сэргийлэх, эмчлэх, сэргээн засах, хөнгөвчлөх тусламж, үйлчилгээг цогцоор нь үзүүлэх үүрэгтэй. Нийслэлийн хүн ам өсөж, хороод нэмэгдсэнтэй холбогдуулан 2023-2024 онд Өрхийн эрүүл мэндийн 23 төв шинээр байгуулж, 78.3 хувийг нь магадлан итгэмжлээд байна” гэсэн юм.
Манай улс урт хугацааны хөгжлийн бодлогодоо монгол хүний эрүүл мэнд, нийгмийн хөгжлийг дээшлүүлэх, ингэхдээ бага наснаас нь амьдралын зөв хэв маягт сургах, идэвхтэй хөдөлгөөнийг хэвшүүлэх, боловсрол, амьдралын чанарыг нь сайжруулах замаар дундаж наслалтыг 2030 онд 78, 2050 онд 82-т хүргэх зорилт дэвшүүлсэн. Үүний хүрээнд ирэх оноос эмч, мэргэжилтнүүдийг тогтвор суурьшилтай ажиллах орчин нөхцөл бүрдүүлэх, салбарын хөрөнгө оруулалтыг эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ рүү чиглүүлэхээр болжээ.
О.Оргилох