Эмч, эмнэлгийн ажилтнууд үндсэн цалингаа 3.5 саяд хүргэхийг шаардан Сүхбаатарын талбайд суулт зарлаад хэдийн долоо хоног өнгөрсөн. Гэвч холбогдох байгууллагуудаас хариу өгөөгүй тул тэд тэмцлийн дараагийн хэлбэрт шилжиж, ажил хаяхаар болжээ.
Энэ талаар Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн Ч.Нарантуяа өчигдөр“Бид амьдралынхаа 15 жилийг сурч боловсроход зарцуулж, нарийн мэргэжил эзэмшсэн. Энэ салбарын үйлчлэгчээс эхлээд эмч хүртэл бүгд хүний амьаврахаар ажилладаг. Цар тахлын үед ч эрүүл мэндийн салбарынхан өргөсөн тангарагтаа үнэнч байж, сөхөрч унатлаа зүтгэсэн. Гэвч бидний цалин хөлс амьдралд хүрэлцдэггүй. Маш бага. Үр дүнгийн урамшуулал, нэмэгдэл хөлс, шөнийн цагийн мөнгийг ч олгохгүй байна. Тиймээс бид УИХ, Засгийн газар, Эрүүл мэндийн сайдад шаардлага хүргүүлэн, төв талбайд энэ сарын 9-нөөс эхлэн суулт зарласан. Ингэхдээ 2026 оны төсвийг эргэн харж, эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг нэмэгдүүлэн, цалин хөлсийг бодитоор өсгөхийг шаардлаа. Нийт 10 мянга гаруй хүн оролцсон, өргөн хүрээний хөдөлгөөн өрнүүлсэн. Гэтэл УИХ, Засгийн газар, салбарын яамнаас ямар ч хариу өгөөгүй. Тэд зөвхөн сандал суудлын төлөөх улс төрийн маргаандаа ланхаарсан. Тиймээс бидний цалинг тав хоногийн дотор нэмэхгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжиж, ажил хаяна” гэсэн юм.
Түүнчлэн тус холбооныхон эрүүл мэндийн салбарын тогтолцоог өөрчилж, шинэчлэх хэрэгтэйг энэ үеэр онцоллоо. Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооныхон “Манай салбар тогтолцооны гажуудалд орчихсон. Мөн эмнэлгүүдэд эм, эмчилгээний хэрэгсэл дутагдаж, иргэд шаардлагатай тусламж, үйлчилгээгээ авахад хүндрэлтэй болсон. Нөхцөл байдал ийм хүнд байхад ирэх оны эрүүлмэндийндаатгалын санхүүжилтийг бууруулжээ. Бодит байдалд бидний цалин хөлс, хөдөлмөрийн нөхцөл, нийгмийн хамгаалал маш хүнд байна. Халдвартай, хүнд нөхцөлд ажилладаг хүмүүс иж бүрэн нормын хувцастай байх ёстой. Гэтэл хувцас, хэрэглэгдэхүүнээс эхлээд эм, тариа ч дутагдалтай” хэмээв.
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн эмч, эмнэлгийн ажилтнуудтай энэ үеэр уулзлаа. Тэрбээр “Бид эрүүл мэндийн салбарынхны цалинг 3.5 сая төгрөгт хүргэжнэмэгдүүлэхээр ажиллаж байна. Эхний ээлжид Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу нийт урсгал зардлын 10 хувийг танаж, тэтгэврийн насныхан болон эрүүл мэндийн салбарынханд санхүүжилт олгохоор 840 тэрбум төгрөг хуваарилах саналаа УИХ-д өргөн барьсан. Ингэснээр эрүүл мэндийн салбарынхны үндсэн цалинг 15 хувиар нэмэх боломжтой” гэсэн юм.
У.Цэцэг