Манай улсад нийт 13 мянга гаруй сувилагч ажиллаж байна. Тэдгээр сувилагчид мэргэжлийн зэрэг олгох шалгалтыг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн шалгалтыг Монголын сувилагчдын нийгэмлэгээс Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-д энэ сарын 24-26-нд зохион байгууллаа. Шалгалтад нийт 46 сувилагч хамрагдсан байна. Одоогоор шалгалтын дүнг эцэслээгүй бөгөөд зөвлөх зэрэгтэй сувилагч 20 хувийн нэмэгдэл цалин авдаг аж. Энэ талаар Монголын сувилагчдын нийгэмлэгийн тэргүүн Д.Нямсүрэн “Сувилахуй бол шинжлэх ухаан, сувилагч нь бие даасан мэргэжил. Үүний гол илрэл нь мэргэжлийн чиглэлээрээ мэдлэгээ дээшлүүлж буй зэргийн шалгалт юм. Энэ мэргэжлээр их, дээд сургуульд дөрвөн жил сураад сувилахуйн бакалаврын зэрэгтэй төгсдөг. Бүхий л мэргэжилд ахлах, тэргүүлэх, зөвлөх зэрэг гэж бий. Сувилагч ч мөн зөвлөх эмч гэдэг шиг мэргэжлээ дээшлүүлэх боломжтой. Олон жил ажилласан сувилагч тухайн чиглэлээрээ иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгч, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх боловсрол олгож байна. ХСҮТ-д зохион байгуулсан эл шалгалтад нийслэл, орон нутгаас зэрэг горилсон сувилагчид оролцлоо. Олон шинэ санаа, шийдэл ярьж хэлэлцлээ” гэв.
Ч.Туяа