ЭМЯ, Азийн хөгжлийн банктай хамтран “Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудыг чадавхжуулах” төсөл хэрэгжүүлэхээр болж талууд 215 сая ам.долларын гэрээнд гарын үсэг зурлаа. Төслийн зорилго нь улсын хэмжээнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, үр дүнтэй тогтолцоог хөгжүүлэхэд хөрөнгө оруулах юм. Ингэхдээ эрчимт эмчилгээний дэд бүтцийг шинэчилж, хот, хөдөөгийн ялгааг арилгах, тэр дундаа яаралтай тусламжийг өргөжүүлэх хүрээнд 17 аймгийн Нэгдсэн эмнэлэг, зургаан сумын Эрүүл мэндийн төв, зам, тээврийн осол их гардаг төв зам дагуух болон хилийн боомт орчмын сумын эмнэлгүүдийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах аж.
Азийн хөгжлийн банкны Хүн, нийгмийн хөгжлийн захирал Софиа Шакил төсөл хэрэгжүүлэхээр сонгогдсон аймаг, сумын эрүүл мэндийн байгууллагуудад 6-7 сая ам.долларын шинэчлэл, хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөснөө хэлсэн. Ташрамд дурдахад, хүн амын нас баралтын гуравны нэгийг аварч болох тохиолдол буюу харвалт, шигдээс, осол гэмтлийн шалтгаантай өвчлөл эзэлдэг байна. Амь тэнссэн үеийн яаралтай болон эрчимт эмчилгээний дэд бүтцийг үндэсний хэмжээнд хөгжүүлснээр нас баралтыг бууруулах боломжтой гэв.
О.Оргилох