УИХ-ын чуулганы өчигдрийн үдээс өмнөх хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн, мөн Хянан шалгах түр хороо байгуулах тухай Л.Оюун-Эрдэнэ гишүүний санаачилсан тогтоолын төслийг хэлэлцэх байв. Ухаахудагийн асуудлаар Хянан шалгах түр хороо байгуулах эл тогтоолын төслийг уржигдар Эдийн засгийн байнгын хороогоор дэмжсэн юм. Энэ үеэр гишүүн Ч.Лодойсамбуу “Хамрах хүрээ нь тодорхойгүй байна. Ухаахудагийн гэж нэрлэмэгцээ “бусад ордын” гэж оруулж. Таны гаргасан шийдвэрүүдтэй холбоотой манай АН-аас бас түр хороо байгуулах гээд явж буй. Гэтэл та “Би бүгдийг нь шалгая” гэсэн байна. Та өөрөө өөрийгөө шалгана гэж байхгүй” гэсэн билээ.
Тэгвэл МАН-ын бүлэг дээрх хоёр асуудлаар түр завсарлага авч, ээлжит бусаар хуралдав. 14.00 цагт үдээс хойших хуралдаан эхэлсэн ч МАН-ын бүлгийн ээлжит бус хуралдаан дуусаагүй байсан аж. Тиймээс тус бүлгийн дэд дарга Ж.Алдаржавхлан завсарлагаа бүтэн өдөр болгож сунгах хүсэлт тавьсан юм. Харин АН-ын бүлгийн дэд дарга Ч.Лодойсамбуу “Төрийн ажлыг шуурхай явуулъя. Яасан нэгтгэж ханадаггүй байр суурь вэ. Юун дээр нэгтгэх гэсэн юм. Засгийн газар нь тогтож үлдэхийн тулд УИХ-ыг авлигаддаг, түүнийгээ явуулах уу, байх уу гэдгээ ярилцдаг болж. Хэдэн удаа завсарлага авах гэсэн юм” гэв. Хуралдаан даргалагч Б.Пүрэвдорж МАН-ын бүлэгт завсарлага нэмж өгснөөр дахин хуралдаан завсарлалаа.
С.Уул