МАН-ын Их хурал энэ сарын 15-16-нд болж, намын даргаа эцэслэн сонгоно. Уг сонгуульд Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан нар дахин өрсөлдөнө гэж байв. Тэгвэл Засгийн газрын тэргүүн эл өрсөлдөөнөөс нэрээ татаж буйгаа өчигдөр цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ. Хэдийгээр намын даргын өрсөлдөөнд оролцохоо больж буй ч баялгийн хулгайтай хийх тэмцлээ зогсоохгүй гэдгээ тэрбээр онцолжээ. Уг мэдэгдэлдээ тэрбээр “Улс орны эрх ашгаа тэргүүн эгнээнд тавьж, намын дотоод асуудал төрийн зовлон болохоос сэргийлэн МАН-ын даргын төлөөх өрсөлдөөнөөс нэрээ татаж буйгаа мэдэгдэж байна. Улсын эдийн засаг, ард түмний амьдралд тулгамдсан олон асуудал шийдлээ хүлээж байна. Авлига, баялгийн хулгайтай хийж буй тэмцлээ тууштай үргэлжлүүлж, иргэдийнхээ орлого, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх, бусад тулгамдсан олон суурь асуудлыг шийдэхийн төлөө Засгийн газар улам эрчтэй ажиллах болно. Баялгийн хулгайтай хэзээ ч эвлэрэхгүй. Надад албан тушаал бус, улсын төлөө бодит ажил, ард иргэдийн итгэл илүү чухал. Байгалийн баялгаас нийт иргэн биш, хэсэг бүлгээрээ хувь хүртдэг шударга бус байдлыг халахын төлөө Засгийн газрын тэргүүний хувьд тууштай тэмцэнэ” гэсэн байна.
С.Уул