Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өчигдөр гурван асуудлаар баримт дэлгэв. Тэрбээр өнгөрсөн есдүгээр сард “Лхагвын тойм” нэвтрүүлэгт ярилцлага өгөхдөө хэд хэдэн ноцтой зүйл ярьснаа ийнхүү баримтаар нотолж буй аж. Эдгээр нь эдүгээ өрнөж буй мөрдөн шалгах ажиллагааны хавтаст хэрэгт байхгүй, шинэ нотлох баримт гэдгийг тэрбээр тодотгосон. Мөн мэдээллийнхээ дараа эдгээр баримтаа хуулийн байгууллагад шилжүүлнэ гэлээ.
Эхлээд УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан “Админерал” компани, Бортээгийн уурхайтай холбоотой гэдгийг ярив. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан руу бичих гэж байгаад МАН-ын улс төрийн ажилтан, адил нэртэй хүн рүү андуурч явуулсан мессежийг тэрбээр үзүүлсэн юм. 2019 оны зургаадугаар сард бичсэн уг мессежид “Энэ томилгоог алдвал “Эрдэнэс Тавантолгой”-н 50 хувийг алдсан гэсэн үг. Юун том төсөл, том ирээдүй, том хөрөнгө. No no шүү, дарга аа”, “Би чиний төлөө за гэж хэлээд ёогүй зүтгэж байгаа. Хэлсэн үг бүрийг чинь тушаал мэт хүлээн авч, хүлээсэн үүргээ нэрт төртэй, бахархалтайгаар биелүүлснийг бүгд мэднэ”, “Манай сайд (Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар) нөгөө охин компанийн асуудлыг дахин оруулж байна.
Жагсаалтад хүчээр багтаасан байна гэнэ. Та анхаарал хандуулаач, тэгэх үү” гэх мэтээр бичжээ. Энэ талаар ХЗДХ-ийн сайд “Тэд ийнхүү бичиж байх зуурт буюу 2019 оны долоодугаар сарын 9-нд Засгийн газрын 296 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн харьяанд охин компани байгуулж, олон улсын хөрөнгийн зах зээлд IPO хийх шийдвэр гаргасан байна. Улмаар долоодугаар сарын 30- нд “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн 28 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой майнинг” хэмээх охин компани байгуулсан. Уг компанийн харьяанд Бортээгийн өмнөд хэсгийг хамрах тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн байна. 2020 оны дөрөвдүгээр сарын 27-нд Засгийн газрын 146 дугаар тогтоолоор дээрх охин компанийг байгуулсан шийдвэрээ цуцалсан. Тавдугаар сарын 28-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн тогтоолоор Бортээгийн лицензийг шилжүүлсэн охин компанийг татан буулгасан. Өөрөөр хэлбэл, дээрх мессеж нь Бортээгийг хэн авах тухай ярьсныг нотолж байна. Үүнийг 100 хувь “Эрдэнэс Тавантолгой” ХК-д шилжүүлсний дараа мөн оны аравдугаар сарын 25-нд уг ордын нүүрсийг ил уурхайн аргаар олборлох ТЭЗҮ-ийг Б.Ганхуяг баталсан” гэлээ.
“Админерал” компанийг 2021 оны долоодугаар сарын 2-нд байгуулжээ. Тус компани Бортээгийн нүүрсний тендерт оролцохоос өмнө “Эрдэнэс Тавантолгой” ХК “Админерал”-ыг үүсгэн байгуулагч Хятадын компанитай нүүрс худалдан авах гэрээ хийсэн байна. Д.Амарбаясгалан Засгийн газрын ХЭГ-ын дарга, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны даргаар ажиллаж байх үед болсон нэгэн хуралдааны протокол “алга болсон” байсныг Б.Энхбаяр сайд цаасан болон аудио хэлбэрээр олж авч чадсан аж. Ингээд аудионоос сонсгосон юм. Үүнд Д.Амарбаясгалан 2022 оны долоодугаар сарын 8-нд Хонконгийн компанитай гэрээ байгуулж, нийт 500 мянган тонн түлшийг хилийн гурван боомтоор оруулж ирэх тухай ярьжээ. Б.Энхбаяр сайд “Аравдугаар сарын 4, 10 гэдэг өдрийг сайн анзаараарай. Дээрх үндэсний хорооны аравдугаар сарын 10-нд болсон хурлаар баяжуулах үйлдвэрийн стандартыг өөрчилж, нүүрс угаах, мөн туршилтын нүүрсийг Хятадаас оруулж ирэх тухай ярьсан. Гэтэл аравдугаар сарын 4-нд нь “Эрдэнэс Тавантолгой” ХК дээрх Хятад компанитай гэрээ хийчихсэн байсан. “Админерал”-тай ямар ч холбоогүй гэсэн. Гэтэл уг Хонконгийн компанийн эзэн Жан Шоужин болон “Админерал”-ыг үүсгэн байгуулсан хүн нь нэг гэдгийг улсын бүртгэлд өгсөн материал нотолж буй” гэлээ. Мөн Засгийн газрын хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уг асуудлыг хөндөж, “Нэр холбогдоод буй “Админерал”-тай холбоотой асуудлаа цуцал. Дараа нь хэдүүлээ яаж ч болохгүй байдалд орно шүү” хэмээн хэлж буй аудио бичлэгийг сонсгов.
Хоёрдугаарт, тэрбээр “Гэрэгэ” таурын 14,15 давхрын оффисын талбайг “Херо энтертайнмент” компани булааж авсан гэсэн яриагаа нотоллоо. 15 давхрыг нь 2018 онд 378 сая төгрөгөөр авсан аж. Гол маргаан 14 давхартай холбоотой юм байна. Эл давхрын 476 ам метр талбайг эзэмшигч “Грийнпинус” компаниас 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авахаар мөноны нэгдүгээр сарын 9-нд гэрээ хийж, Б.Баатар, Л.Оюун-Эрдэнэ нар гарын үсэг зурсан аж. Ингэхдээ мөн сарынхаа 20-ны дотор мөнгийг шилжүүлж байж хөрөнгөө авахаар тохирчээ. Гэвч гэрээ зурсан өдрөө, мөнгөө төлөөгүй атлаа үл хөдлөхөө шилжүүлж авсан баримт үзүүлэв.
Гуравдугаарт, анхнаасаа олон нийтэд ил байсан гэрээнүүдийг нууцад авсан тухай баримт дэлгэв. “Эрдэнэс Оюутолгой” компаниар дамжуулан 20 сая ам.долларыг толгой компаниас нь авч 11 гэрээгээр зарцуулсан. Ингэхдээ бүгдэд нь нууцын тамга дарсан баримт байгаа аж. Үүний дотор “Аттикус” гэх компанитай 2021 оны нэгдүгээр сараас 2023 оны долоодугаар сар хүртэл 1.1 сая ам.долларын гэрээ байгуулж, ихэнх хувийг нь шилжүүлсэн байна. Дэлхийн эдийн засгийн форум, наадам, Invest Mongolia зэрэг арга хэмжээ зохион байгуулах, “Оюутолгой” компанийн нэр хүндийг олон улсад өсгөх гэх мэт үүргийг дээрх компани хүлээсэн гэнэ. Тус компани тайлангаа мөн л нууцын тамгатай ирүүлжээ. Эдгээр мэдээллийг уржигдар ил болгосон учраас ийнхүү олон нийтэд танилцуулж буйгаа сайд тодотгосон. Тайлангаас харахад ҮАБЗ-ийн гишүүдийн гадаад айлчлалыг зохион байгуулж, хэлэх үгийг бэлдсэн гэсэн нь анхаарал татжээ. Яагаад зөвхөн ГХЯ мэдэх уг асуудлыг гадаадын нэг компани зохион байгуулав. Улсын үндэсний аюулгүй байдалтай холбоотой ноцтой асуудал, мөн мөнгө угаасан хэрэг хэмээн Б.Энхбаяр сайд үүнийг үзэж буй аж. Мөн ГХЯ дээрх компанитай хамтран ажиллаагүй гэдгээ мэдэгдсэн юм билээ.
Түүнчлэн Монгол Улсын олон улс дахь сурталчилгаа, мэдээллийн үндэсний хороо байгуулж, “Тамгагүй төр” жүжгийг тоглуулахад дэмжлэг үзүүлэх шийдвэрийн талаар хөндлөө. Уг хорооны үйл ажиллагааны зардалд 2024 онд 6.2 тэрбум төгрөг зарцуулсан байна. Гадаадын хоёр зөвлөхийн төлбөр гээд тодорхойгүй асуудлыг 2024 оны зургаадугаар сарын 6-ны Засгийн газрын хаалттай хуралдаанаар хэлэлцсэн аж. Гэвч үнэндээ 2021 онд төрийн өмчит “Эрдэнэс Оюутолгой” компаниас санхүүжилтийг нь хэдийн шилжүүлсэн байсан, сонгууль дөхсөн учраас асуудалд орохоос айж, шийдвэрийг нөхөн гаргасан гэсэн юм.
Дараа нь сэтгүүлчид асуулт тавив.
-Бортээгийн ордод дөрвөн компани зөвшөөрөл эзэмшдэг. Гэтэл яагаад зөвхөн “Админерал”-ыг яриад байна вэ?
-Би бүгдийг нь хоёр жилийн турш ярьж байгаа. Хөгжлийн банк, нүүрсний хулгай, өөр асуудал хөндөх бүрд “гөлөг төөрүүлдэг”. Үүнд би автахгүй. Та сая “Бодь”-ийн оффтэйк гэрээг яагаад хөндөөгүй вэ гэлээ. Нүүрсний хяналтын сонсголоор энэ асуудлыг бүтэн өдөр ярьсан, захирал нь ирж тайлбар өгсөн.
-А.Амундра өөрийгөө гэрчийн хамгаалалтад авах хүсэлт гаргасан байна.
-А.Амундра бол хамгаалалтад орох биш, уг асуудлаар шалгуулах ёстой хүн.
-Э, Б гэдэг хоёр сэтгүүлч “Херо энтертайнмент”-ын захиалгаар нэвтрүүлэг хийсэн, зарлана гэж та хэлсэн. Үүнийгээ зарлах уу?
-Хэвлэлийн эрх чөлөөнд би үргэлж хүндэтгэлтэй, бас маш тэвчээртэй хандаж ирсэн. Таны асуусан хүмүүстэй холбоотой хэрэг үүсгээд, мөрдөн байцаалтын шатанд яваа. Тиймээс цагдаагийн байгууллагаас энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө гэв.
Үүний дараа УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалангийн өмгөөлөгч Ү.Амарбат тайлбар хийлээ. Тэрбээр “Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны хурлын үеэр БНХАУ-аас оруулж ирэх нүүрсний хэмжээг 100 мянган тонн болгож бууруулах саналыг Д.Амарбаясгалан гаргасан. Б.Энхбаяр сайд аудио бичлэгээс өөрт ашигтай хэсгээ тасалж оруулсан байна” гэлээ.
С.Уул