Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх УИХ-ын түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол гурван өдөр үргэлжлээд дуусав. 16 жилийн өмнө “Оюутолгой” төслийг С.Баярын Засгийн газар эхлүүлэхдээ уг ордын 53 хувийг Монгол Улс, 47 хувийг хөрөнгө оруулагч тал хүртэхээр тохирч байлаа. Уг төсөл богино, дунд хугацаандаа манай улсын эдийн засгийг эрчимтэй дэмжиж байсантай хэн ч маргахгүй. Харин одоо анх ярьж байсан өгөөжийн хувь 27 руу “унаж”, ашиг гэхээс илүү өр, зээл л бидэнд үлдэх нөхцөл үүсжээ. Монгол Улсын гадаад өрийн 50 хувийг уг төслийн өр эзэлж байгааг энэ өдрүүдэд бид олж мэдлээ.
Бид хаана алдав, үүнийг хэрхэн засаж, хүртэх өгөөжөө нэмэгдүүлэх вэ гэдгийг тодорхойлох нь дээрх сонсголын зорилго байсан юм. Тэгвэл ийм үр дүн гаргаж чадсан уу. Мартагдсан улс төрчдийн гомдол, өс хорслоо тайлах, попрох индэр л болоод дуусав уу. Мөн Засгийн газар хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийж буй цаг үеийг тааруулж, хамаг “хөзөр”-өө дэлгэсэн нь зөв үү гэх мэт олон эргэлзээ үлдэж байна.

МАРТАГДСАН УЛС ТӨРЧДИЙН ПОПРОХ ТАЙЗ
Уг сонсголд нийт 300 хүнийг гэрчээр дуудсанаас 70 хувь нь оролцжээ. Өмнө нь манай улсад зохион байгуулсан сонсголуудаас хамгийн өндөр ирцтэй нь боллоо хэмээн дүгнэж буй. Гэвч гурван өдрийн сонсголын үеэр баримт ярьсан хүн тун цөөн байлаа. Сангийн сайд асан С.Баярцогт л цүнх дүүрэн баримт, сэлтээ авчирч, он, сартай нь нотлон ярив. Түү ний ой санамж, бас архив сайн аж. Тухайн үед төрийн алба хашиж байсан эрхмүүдийн олонх нь уг сонсголд түүн шиг бэлтгэлтэй хандсангүй. “Олон жилийн өмнөх явдал учир санахгүй байна, мартжээ” гэцгээв. Түр хорооны зүгээс гэрчээр дуудсан хүмүүстээ ямар асуудлаар тодруулга авах талаар тодорхой мэдээлэл өгөөгүй нь алдаа болжээ. Эрдэс баялгийн сайд асан Д.Зоригт энэ тухай сануулж, “Материалтай танилцах боломж олгохгүйгээр 17-18 жилийн өмнөх шийдвэртэй холбоотой асуулт тавих нь учир дутагдалтай. Хариултаа бэлдвэл хэн хэнийхээ ажилд хэрэгтэй байлаа” гэсэн юм.
Мөн үйл явдалтай хамааралгүй олон хүнийг гэрчээр дуудсан байв. “Би тэр үед томилогдоогүй байсан, эсвэл өөр асуудал хариуцаж явсан учраас мэдэхгүй” гэсэн хариулт олон сонслоо. Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажилд огт оролцоогүй, гишүүн асан Л.Гүндалай оччихсон “Рио тинто”-г яаралтай хөөж гарга, өөрсдөө уг төслөө авч яв” гэх мэт ярьчихсан сууж байв. С.Баярцогт энэ талаар “Гүндалайд микрофон өгөх хэрэггүй. Энэ хүн ерөөсөө оролцоогүй. Камераар гарах боломжийг алддаггүй, өөрийгөө олон дагагчтай, нөлөөлөгч гээд бод чихсон хүн” гэж байх вэ. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр “бөөсний онигоо”-г хэрэгжүүлж, ярих бүрдээ Ц.Элбэгдоржийг буруутган, “Монголын төрд ийм нэг муу хүн орж ирснээс л бүх юм болсон. Би тэр үед Ерөнхийлөгч байсан бол ийм муу гэрээ хийхгүй байсан” гэж байлаа. УИХ-ын дарга асан З.Энхболд, Д.Дэмбэрэл, гишүүн Ц.Даваасүрэнгээс эхлээд С.Баярцогт руу дайрсан юм. Ерөөс энэ сонсгол хийсэн өдрүү дэд нийгмийн сүлжээнд Сангийн сайд асныг буруутнаар тодруулах “ажиллагаа” өрнөсөн. УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл “С.Баярцогт оо, чи хэний талд ажиллаад байна вэ. ҮАБЗөөс гаргасан шийдвэрийг үзэж, шүүмжилж суудаг сайд гэж юу байх вэ. Ийм дур зоргоор сайд бол хоёр талд ажилласан байгаа. Бидний бодлогын асуудлыг цааш нь шивнэдэг, хариу гаргуулахаар гэрээнд тусгуулдаг этгээд байж” гэх мэтээр ярьсан. З.Энхболдын тухайд “Уг төсөлд С.Баярцогтын компани ажилчдын хоолыг, С.Баярын найзын “Петровис” компани дизелийн түлшийг нь нийлүүлдэг байсан. Эд нар бол ийм л ашиг сонирхлын зөрчилтэй хү мүүс” гэв. Тэр ч мэдээж гүтгүүлээд дуугүй суусангүй. “Ц.Даваасүрэн чи ганц станц барьчихаж чадаагүй биз дээ. Чи бол параной эмгэгтэй хүн” гэх мэтээр маргалдав. Хардлага, хорсол, хов л яриад байхаас баримт, нотолгоотой тайлбарыг эдгээр гэрч бол өгсөнгүй. Уул уурхайн ассоциацын төлөөлөл энэ бүхнийг ажиглаад “Улс төрчид тоо баримтад биш, сэтгэл хөдлөл, гомдолдоо тулгуурлан ярьж байна. Үнэндээ бүх л зүйл хууль, дүрмийн дагуу өрнөсөн. Геологийн нөөцөд бүх төрлийнх багтдаг. Гэтэл үүнээс үйлдвэрлэлийн нөөцөө ч ялгаж мэдэхгүй байна” гэсэн юм.

С.БАЯР: ХОЁР ТОМ АЛДАА БИЙ
“Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалтын гэрээг гардан байгуулсан Засгийн газрын тэргүүн бол С.Баяр. Тэрбээр уг сонсголд оролцохгүй гэж байсан ч сүүлийн өдөр ирж, байр сууриа илэрхийлсэн юм. “Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ. Овоо нь 34 хувь юм. Уг хувийг авах болсноос хамаараад бид хөрөнгө оруулалтын гэрээ хийсэн. Гэвч энэ нь явсаар зээлийн гэрээ болж хувирсан. УИХ-ын 57 дугаар тогтоолоор Засгийн газарт “Уг ордын 34 хувийг заавал ав” гэж үүрэг болгосон. Ингэхдээ хуулиас давсан шаардлагыг Засгийн газарт өгсөн юм. Тухайн үедээ би үүнийг хуульд нийцээгүйг УИХ-ын дарга, гишүүдэд хэлж байсан. Хуульд “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийгээгүй ордод төр 34 хүртэл хувь эзэмшинэ” гэж заасан. Гэтэл уг тогтоолд “34 хувиас доошгүйг төр эзэмшиж, цаашид 50 хувь хүргэж нэм” гэсэн. Манай Засгийн газар ч нэг алдаа гаргасан нь үүнийг хэрэгжүүлж, 34 хувийг эзэмших гэрээ хийсэн явдал. Энэ бол хөрөнгө оруулалтын гэрээг зээлийнх болгох эхний алхам байсан. Хэрэв төр уг ордын 34 хувийг аваагүй бол тухайн үеийн тооцоогор 78 хувийн өгөөжийг бид хүртэх байсан. Гэвч 34 хувийг нь эзэмшсэнээр 5358 хувийн өгөөж хүртэхээр болсон юм. Мөн манай үе үеийн Засгийн газарт залгамж чанар алдагдсан нь нэг гол алдаа байлаа. Байгуулсан гэрээгээ хөөцөлдөж, араас нь ажиллаагүй. Төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоо муу байна. Засгийн газар эдүгээ яг энэ асуудлаар нөгөө талтай хэлэлцээр хийж байхад парламентын нээлттэй сонсгол явуулж, хамаг тактикаа олон нийтэд дэлгэчихлээ. Тэгэхээр хэлэлцээр хийж буй Засгийн газар чинь хүнд байдалд орж байна шүү дээ” гэв. Тухайн үед УИХын дарга байсан Д.Дэмбэрэл 57 дугаар тогтоол хууль зөрчөөгүй хэмээн мэдэгдсэн. Оюутолгойн ордын 34 хувийг төр эзэмших болсон тул үүнтэй дүйцэх хөрөнгө оруулах учиртай. Гэтэл мөнгө байгаагүй тул зээл авсан. Явсаар өнөөх нь хүүгээс хүү бодогдож, одоо манай улс 12 тэрбум ам.долларын өртэй болчихсон байгаа аж.
ОЮУТОЛГОЙГ АЛДАХ БАРЬЦАА
Уг сонсголын үеэр хэд хэдэн ноцтой зүйлийг иргэд мэдэж авлаа. Юуны өмнө хөрөнгө оруулагч “Оюутолгой”, “Онтрэ” ХХК-иас ирүүлсэн материалууддаа дандаа байгууллагын нууцын тамга дарсан байв. Тэд мэдээллээ үргэлж нууцалдаг, ТУЗ-д нь ажилладаг Монгол Улсын төлөөллүүд ч аливааг олж мэдэх амаргүй байдаг аж. “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн асан Э.Баясгалан энэ талаар “Компанийн төсвийг ТУЗ-өөр хэлэлцэн баталдаг. Гэвч Монголыг төлөөлсөн гишүүд төсвийн талаар санал оруулахаар хүлээж авдаггүй. Ихэнх шийдвэрийг ТУЗ-ийн дийлэнх олонхын саналаар гаргадаг. Бидний зүгээс гаргасан тооцоо, судалгаатай саналыг хүлээж авдаггүй мөртлөө “Рио тинто”гоос ийм даалгавар өглөө гээд шууд шийдвэрээ өөрчилдөг” хэмээсэн юм. Мөн Оюутолгойн ордод 2009 оноос бүтээн байгуулалтын ажил эхэлсэн. Ил уурхайн зардал төлөвлөснөөсөө 1-2, далд уурхайнх 1.4 тэрбум ам.доллароор хэтэрсэн. Гэвч эл мэдээллийг 2020 онд л бид мэдсэн. “Рио тинто”, “Оюутолгой” ХХК-ийнхан бол 2018 оноос л зардал хэтэрч буйг мэдсэн байсан хэмээн тэрбээр ярьсан юм.
Түүнчлэн хөрөнгө оруулагч талынхан байгууллагын нууц нэрийн дор манай бүлэг ордыг барьцаанд “тавиад туучих” эрсдэл үүссэнийг ч энэ өдрүүдэд олон нийт мэдэж авлаа. “Оюутолгой” гадаадын 15 банкнаас 4.4 тэрбум ам.долларын зээл авсан байгаа аж. Үүнд Оюутолгойн ордыг барьцаанд тавьсан, эсэхийг Ө.Шижир гишүүн асуухад гүйцэтгэх захирал С.Мөнхсүх “Уг зээлд “Рио тинто” баталгаа гаргасан. Хэрэв зээлээ төлж чадахгүй бол уг орд дахь эрх, үүрэг нь дээрх банканд шилжинэ. Монголын баялаг бол эх орондоо үлдэнэ” гэсэн тайлбар өгсөн юм. Тэгвэл Сангийн сайд асан С.Баярцогт “ОХУын Калининград мужийн шүүхэд нэг компани “Рио тинто”-г шүүхэд өгчихсөн, үүний нөхөн төлбөрт Оюутолгойд эзэмшдэг тус компанийн хувийг авах хүсэлт тавьсан байгаа” хэмээн ярьсан. “Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Мөнхсүх “Украины дайны нөхцөл байдалтай холбоотой санкцыг тавьсан. “Рио тинто” ОХУын компанитай бүтээгдэхүүн хуваах гэрээтэй байсан, үүнийгээ биелүүлээгүйгээс үүдэн маргаан гарсан юм билээ. Австралийн шүүхээр уг маргааныг хэлэлцээд, санкцыг биелүүл гэсэн. ОХУ-ын компани уг шийдвэрийг эсэргүүцэж, өөрийн улсын шүүхэд хандсан юм байна. Иргэний шүүхийн маргаан одоо үргэлжилж буй. Үүндээ Оюутолгойн ордыг татан оролцуулсан. Хувь, оролцооны талаар би одоо мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн тайлбар хийж, дээрх мэдээлэл үнэн болохыг баталгаажуулжээ.

ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД БА “ТРОЛЛ”
Түр хороог О.Батнайрамдал ахалж, гишүү нээр МАН-аас Б.Баярбаатар, Э.Болормаа, М.Бадамсүрэн, Б.Бат-Эрдэнэ, С.Зулпхар, АН-аас Ш.Бямбасүрэн, Ө.Шижир, Б.Жаргалан, ХҮН намаас П.Ганзориг, Үндэсний эвслээс Д.Пүрэвдаваа нар багтжээ. Дарга болон эхний хоёр гишүүн бол МАН доторх “1980-аад оны бүлэглэл”-ийнх. Л.Оюун-Эрдэнийн “үнэнч хамгаалагчид”. УИХын 32-оос доошгүй гишүүний гарын үсэг цуглуулж байж түр хороог байгуулдаг. Энэ ёсоор уг хороо байгуулагдаад таван сар болж буй. Гэхдээ сонсголыг С.Баяр гуайн хэлсэнчлэн Засгийн газар хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр хийж буй цаг үеийг сонгон хийсэн нь өөр зорилго байв уу гэсэн асуулт дагуулж буй юм. Улмаар 2009 онд анх уг төслийг хөдөлгөсөн Засгийн газрын гишүүд, ялангуяа С.Баяр, С.Баярцогт нарыг харлуулах эрмэлзэл байсан мэт харагдаж буй нь нууц биш. Нөгөөтэйгүүр, “төлбөртэй жагсагч” эмэгтэй уг сонсголын хоёр дахь өдөр Төрийн ордонд орчихсон явж байсан нь ч анхаарал татна. Тэрбээр Л.Оюун-Эрдэнийг огцруулах “Огцрох амархан” жагсаалын үеэр хүчийг саармагжуулах эсрэг жагсаалд оролцож, нийтэд танигдсан юм. Ногоон хүрээ бүхий нүдний шилтэй эл эмэгтэйг хэн, ямар зорилгоор Оюутолгойн сонсголд “урив”. Өнөөх нь ярилцлага өгье хэмээн сэтгүүлчдийг шалж, татгалзмагц нь элдвээр доромжилж, Төрийн ордонд бусдын биед халдан үймээн дэгдээлээ.
Түр хорооны дарга О.Батнайрамдал туршлага, мэдлэгтэй “ах” улс төрчидтэй мөчөөрхөн, “загнаж”, томрох гээд хэрхэн ур чадвар, мэдлэг дутаж байгааг ч бид харлаа. Оюутолгойн ордыг ашиглах үйл явцын ард юу өрнөөд буйг харуулсан нь сайн ч цаг үеэ сонгосон байдал, оролцуулж буй гэрчүүдээс эхлээд дутагдал байлаа. Гэхдээ олон талыг нэг дор цуглуулж, ил тод ярих боломж олгосноороо ач холбогдолтой болов. Хэн нь юу ярьж буйг, үг үйлдлээ яаж өөрчилснийг харах боломжийг иргэдэд олгосон гэсэн үг.
Хэдийгээр попрол ихтэй, хэрүүлтэй өрнөсөн ч “Оюутолгой” төсөл манай улсын эдийн засагт хэрэгтэй, гэхдээ алдаа мадгаа засаж, хүртэх өгөөжөө сайжруулаад, хяналтаа сайн тавиад явах ёстой гэдэгт талууд санал нэгдсэн нь уг сонсголын сайн тал болов. С.Баярцогт энэ талаар “Бүх талыг оролцуулснаараа уг сонсгол ач холбогдолтой боллоо. Хүмүүс эмоцоо гаргаж, бие бие рүүгээ дайрсан байх. Гэхдээ эцсийн дүнд хоёр гол асуудлаар санал нэгдлээ. “Онтрэ” компанитай тусдаа гэрээ, эрх зүйн зохицуулалт хийх ёстой, ингэж байж манай талын хүртэх өгөөж нэмэгдэнэ гэдгийг бүгд хүлээн зөвшөөрлөө. Бүтээн байгуулалтын зардал бидний тооцоолсноос эрс өссөн учраас хүртэх өгөөж буурсан. Эндээс авах ёстой байсан ногдол ашиг, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар хойшилсныг нааш татаж, ойрын хугацаанд шийдэх боломжийг талууд ярилцлаа. “Рио тинто” ч харилцан ойлголцсон байр суурь илэрхийллээ. Хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах хэлэлцээрийг одоо хийж байна. Эцсийн дүнд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үед анх тохирсон Монголын тал 53, хөрөнгө оруулагчид 47 хувийн өгөөж хүртэх ёстойгоо ойлголцож, гэрээнд өөрч лөлт хийхээр болж байна” гэсэн юм.
Түр хорооны дарга О.Батнайрамдал мөн Монгол Улс гэсэн ганц эрх ашгийн дор нэгдэх ёстой гэсэн ойлголцолд хүрлээ хэмээн дүгнэнэ лээ. Оюутолгойн төслийг эхлүүлснийг хэн ч буруутгаагүй. Гэхдээ анхны том төсөл учраас бидэнд туршлага дутаж, алдаа гаргаж. Анхнаасаа 100 хувь төгс, ашигтай гэрээ хийж чадаагүй юм байна, дараа дараагийн Засгийн газарт үүнийг засах боломж байсан ч “хөдөлсөнгүй” гэдгээ мэдэж авлаа. Бүгд л тодорхой хэмжээнд буруутай гэсэн үг. Ямартай ч гурван өдрийн сонсголын эцэст Засгийн газарт чиглэл өгсөн тогтоол батлах юм байна.