Ерөнхийлөгчийн нэрэмжит 2025 оны “Шилдэг залуу эрдэмтэн” шагнал хүртсэн, Монгол-Японы эмнэлгийн дурангийн эмч, АШУҮИС-ийн Хоол боловсруулах эрхтэн судлалын тэнхимийн багш, доктор Х.Цэвэлноровтой ярилцлаа. Тус эмнэлгийн Дурангийн тасгийн хамт олон Монголд анх удаа нарийн гэдэсний хоёр баллонт дурангийн оношилгоо, эмчилгээний шинэ арга нэвтрүүлжээ.
-Эрдэм шинжилгээ, судалгааны бү- тээлээрээ дэлхийн болон эх орныхоо шинжлэх ухааны хөгжилд бодит хувь нэмэр оруулж, эрхэлсэн ажилдаа онцгой амжилт гарган, мэргэжлийн ур чадвараараа тэргүүлсэн эрдэмтэн судлаач, эмч нарт олгодог “Шилдэг залуу эрдэмтэн” шагнал хүртсэнд баяр хүргэе. Та Монгол-Японы эмнэлэгт хэд дэх жилдээ ажиллаж байна вэ?
-Баярлалаа. Би 2015 онд АШУҮИС-ийг төгссөн. Дараа нь Япон Улсын “Жичи” анагаах ухааны их сургуульд дөрвөн жил суралцаж, докторын зэрэг хамгаалсан юм. Тэндээ дурангийн чиглэлээр гүнзгийрүүлэн судлах боломж олдсон. Сургуулийнхаа эмнэлэгт профессоруудын зөвшөөрлөөр япон залуу эмч нартай адил өвчтөнөө үзэж, эмчилгээ хийдэг байв. АШУҮИС-д 2008 онд элссэнээс хойш 2022 он хүртэл нийт 14 жил суралцжээ. Монголдоо дотрын болон гастроэнтеролог, дурангийн чиглэлээр нарийн мэргэжил эзэмшиж, Японд 2022 онд докторын зэрэг хамгаалсан. Сургуулиа төгсөж ирээд энэ эмнэлэгтээ ажилласан. “Жичи” анагаах ухааны их сургууль нь АШУҮИС-тай түнш, хамтарч ажилладаг учраас төгсөөд эндээ ажиллах гэрээтэй явсан юм. Миний мөрөөдөл бол их сургуулийн эмнэлэгт ажиллах байсан. Сурч байх үед ийм эмнэлэг байгаагүй. Харин одоо анагаахын сургуулийн үе үеийн удирдлага, багш нарын маань мөрөөдөл биелжээ.
-Их сургуулийн эмнэлэг нь эрдэм шинжилгээний бүтээл, судалгаа хийх, оюутнуудад хичээл заах боломж олгож буй. Хүн эмчлэх, хүүхдүүдэд хичээл заахын аль нь танд ойр байна?
-Хүн эмчлэх арга ухааныг зөвхөн номоос заах боломжгүй. Тухайлбал, хоол боловсруулах эрхтэн системийг ойлгуулахын тулд практикт тулгуурлахгүйгээр зүгээр яриад өнгөрчхөж болохгүй. Тиймээс эмчийн туршлагатай, академик мэдлэгтэй байж анагаахын сургуульд багшилдаг. Өөрөөр хэлбэл, сурах бичгээс гадна бодит жишээнд тулгуурлан заах ёстой. Анагаахын шинжлэх ухаан хөгжихөд их сургуулийн эмнэлгийн тогтолцоо маш чухал. Эмнэлэгтээ өвчтөнөө үзээд, хичээлээ заагаад, оюутнуудаа сургаад, мэс ажиллавар, эмчилгээгээ хийгээд явах бүх л боломж их сургуулийн эмнэлэгт байдаг. Японд эмнэл зүйн судалгаа хийж, гадаадын томоохон сэтгүүлд хэвлүүлсэн. Уг судалгаа нь өвчтөнд хэрэглэж байгаа эм, тариа, эмчилгээ, дурангийн оношилгоо нь зөв үү гэдгийг тодруулж, цаашид юунд анхаарахыг тодорхой болгож өгдөг. Хөгжилтэй орнууд эл судалгааг байнга явуулж, илүү нягталж, судалж, тусламж, үйлчилгээгээ сайжруулдаг юм. Манай улс сургуулийн харьяа эмнэлэгтэй болсноор эмнэл зүйн судалгаа хөгжих боломж бүрдээд байна. Эмч, багш гээд аль аль нь хариуцлагатай ажил. Сурсан мэдсэнээ бусдад хуваалцахын тулд заах аргад суралцаж л явна. Анагаахын салбар, эмчилгээний шинэ арга, технологи өдөр тутам хувьсан өөрчлөгдөж байна. Тиймээс байнга л сурч боловсрох шаардлага тулгардаг.
-Та судалгааны ямар бүтээлээрээ дээрх нэр хүндтэй шагналыг хүртсэн бэ?
-Докторын зэрэг хамгаалсан, судалгааны бүтээл маань дурангийн аргаар ходоодны эрт үеийн хавдрын оношлогоог хэрхэн сайжруулах вэ гэсэн агуулгатай. Нарийн мэргэжлийн эмч нарт зориулсан бүтээл. Ходоодны хорт хавдар дэлхий даяар, тэр дундаа Япон, Солонгос, Хятад, Монголд их тохиолддог. Манай улс ходоодны хорт хавдрын нас баралтаар дэлхийд тэргүүлж байна. Өнгөрсөн онд гэхэд хорт хавдрын шалтгаант нас баралт 4755 бүртгэгдсэн. Элэгний хорт хавдрын дараа ходоод бичигдэж байна. Урьдчилан сэргийлж, эрт үед нь илрүүлэх боломжтой байхад үнэхээр харамсалтай. Тиймээс эрт үеийн оношилгоог сайжруулах шаардлагатай. Миний судалгаа ч энэ тухай юм. Японы их сургуулийн эмнэлгийн эмчлүүлэгчдийн гурван жил орчмын дата мэдээлэлд суурилсан.
-Монголд нарийн гэдэсний хоёр баллонт дурангийн оношилгоо, эмчилгээг нэвтрүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан гэж дуулсан. Энэ эмчилгээнийхээ талаар тодруулахгүй юу?
-Нарийн гэдэс нь хоол боловсруулах системийн чухал хэсэг. Шим тэжээл шингээх, боловсруулахад чухал үүрэгтэй, зургаан метр урт эрхтэн. Ходоод, бүдүүн гэдсэнд эмгэг олноор илэрдэг бол нарийн гэдэснийх харьцангуй цөөн. Гэвч эл эрхтэн өвчилж, ажиллавар хийлгэх зайлшгүй шаардлага гарах нь бий. Манай улсад нарийн гэдэсний нэг баллонт дурангийн эмчилгээг УНТЭ-ийнхэн нэвтрүүлсэн. Харин манай эмнэлгийн хамт олон нарийн гэдэсний хоёр баллонтой дуран (Double-balloon enteroscopy)- гийн шинжилгээ, оношилгоо, эмчилгээг анх удаа нэвтрүүлсэн юм. Анх 2022 онд би Японоос хуучин дуран авчирч, хэрэглэж, туршиж байгаад эмнэлгийн удирдлага, хамт олныхоо дэмжлэгээр 2024 оноос энэ төрлийн ажиллаврыг албан ёсоор эмчилгээнд нэвтрүүллээ. Хоёр баллонтой дурангаар нарийн гэдэсний доторхыг бүрэн оношлох боломжтой. Эл эмчилгээг нэвтрүүлэхээс өмнө гаднаас нь буюу CT зургаар оношлох, эсвэл мэс засал хийж байж л оношийг баталгаажуулдаг байсан. Харин одоо дурангаар оношлоод л ажиллавар хийж байна. Япон багш маань хоёр баллонтой дуранг зохион бүтээсэн хүн. Бид дурангийн үйлдвэртэй нь хамтарч, профессорын тусламжтайгаар, 95 хувийн хөнгөлөлттэй үнээр эх орондоо оруулж ирсэн. Эл эмчилгээг Монголд оруулж ирэх хүсэлтээ профессортоо хэлэхэд “Хэрэв чи хариуцлагатай байгаад нэвтрүүлж чадвал туслахад бэлэн” гэж байв.
-Нарийн гэдэс өвдөх шинж тэмдэг нь юу байдаг вэ. Нарийн гэдэсний хорт хавдар ховор тохиолддог байх.
-Нарийн гэдэсний өвчлөл нь цус алдалтаар илэрдэг. Тэр бүр тохиолддоггүй хавдар, ургацаг, үрэвсэл нарийн гэдсэнд илэрч болдог. Хаанаас гарч буй нь тодорхойгүй цус алдалтууд ихэвчлэн нарийн гэдэсний гүнд илрэх нь бий. Энэ нь ихэвчлэн ахмад настнуудад тохиолддог. Монгол-Японы хамтарсан эмнэлэгт ийм оношилгоо, эмчилгээ байгааг мэдэхгүйгээс хүмүүс шууд мэс засалд орох явдал гарсаар байна. Сард 1-2 хүн яаралтайгаар хандаж, эмчлүүлж буй. Сүүлийн үед бага зэрэг ихсэх хандлага ажиглагдаж байна. Буруу хооллолт, хавдрын өвчлөл ихсэж буйтай холбоотой болов уу. Бид дурангаар оношилгоо болон ажиллавар аль алиныг нь хийдэг. Ойролцоогоор 15 хүнд эл ажиллаврыг хийжээ. Орон нутаг, нийслэлийн зарим эмч нар өвчтөнөө манайх руу явуулдаг. Нарийн гэдэсний өвчлөл нь ходоод, бүдүүн гэдэснийх шиг өдөр тутамд тохиолддоггүй. Гэхдээ орон нутагт ийм өвчтэй хүн байвал манай эмнэлэгт эмчлүүлэх боломжтой. Цөөн хүн амтай манайх шиг улсад эмнэлэг бүрд ийм дурангийн эмчилгээ байх шаардлагагүй юм билээ.
-Бүдүүн, шулуун гэдсээ дурандуулах шаардлагатайг иргэд мэддэг. Харин нарийн гэдэсний тухайд төдийлөн ярьдаггүй нь оношилгоо, эмчилгээ төдийлөн хөгжөөгүйтэй холбоотой байжээ.
-Бүдүүн, шулуун гэдэсний өвчлөл түгээмэл тул дурандуулах хэрэгтэй. Тэгж байж эрт үед нь өвчнийг илрүүлж чадна. Тухайлбал, хавдрыг цэг байхад нь олж илрүүлэх ёстой. Ингэж чадвал хортой хэсгийг нь өөлж авч, мэс засал, хими эмчилгээнд орох шаардлагагүй болно. Гэхдээ дараа нь сайн хянаж, дахин үүсэхээс сэргийлэх хэрэгтэй. Мөн ходоодны хортой хавдрын суурь шалтгаан нь хеликобактери гэж үздэг. Энэ нь шинжлэх ухаанаар батлагдсан. Уг бактерийг оношлоод зөв эмчлэх хэрэгтэй. Нэгэнт хеликобактери ходоодны салстыг хатангиршуулж, өөрчлөлтөд оруулсан тохиолдолд тэнд хорт хавдар үүсэхгүй гэх баталгаа байхгүй. Хэдийгээр хеликобактерийг устгасан ч аюул байдаг гэсэн үг. Ходоодны хавдар, өвчлөлийг мөн дурангаар л оношилно. Ходоодны улайлт, үрэвсэл ихэнхдээ энэ бактериас үүдэлтэй. Хүчилд тэсвэртэй учраас антибиотек зөв, бүрэн ууснаар устгадаг. Түүнээс гадуур сайн гэж сурталчилж байгаа бүхэн үр дүнтэй биш. Мөн хүүхдээ амаараа хооллох, аяга, халбагаа дамжуулж хэрэглэдгийг бүрэн зогсоох хэрэгтэй. Ирээдүйгээ хеликобактеригүй болгоё гэж зоривол цэцэрлэг, сургууль, нийтийн хоолны газрын аяга, тавгийг маш сайн ариутгаж хэрэглэх нь зүйтэй. Япон, Солонгос аяга, тавгаа уураар ариутгаж, энэ бактериас салсан. Харин манайд нарийн гэдэсний эмчилгээг одооноос л нутагшуулж эхэлж байна. Үйл ажиллагаа жигдэрч, зүгшрээд ирэхээр энэ эмчилгээний төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулдаг болчихвол иргэдэд ихээхэн тустай. Цаашид дурангийн оношилгоо, ажиллаврын үр дүнг багцалж, судлах нь чухал. Манай улсад нарийн гэдэсний ямар өвчлөл нь давамгайлж байна, юунд анхаарах вэ, багасгахын тулд яах вэ гэдгийг гаргаж ирэхэд эмнэл зүйн судалгаа чухал нөлөөтэй. Эмч нар судлаач шиг ажиллах хэрэгтэй. Үзэж, оношилсон өвчтөнүүдийнхээ түүх дээр тулгуурлан эмчилгээгээ илүү сайжруулах нь чухал юм.

-Солонгосчууд дэлхийд ходоодны хорт хавдраар тэргүүлдэг ч нас баралтын тоогоор манай улсын ард бичигддэг юм билээ. Тухайн улсын иргэд өвчнөө хүндрүүлэхгүй эмчлүүлж чадаж байна шүү дээ.
-Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгээр илрүүлээд хортой хэсгийг нь хуулаад авчихдаг. Япончуудын тухайд мэс заслаас татгалздаг төрлийн хүмүүс. Тиймээс ямар нэгэн асуудал илрэнгүүт ходоодны салст хуулах ажиллаварт орчихдог. Харин манайд шууд л мэс засалд оръё гэх нь элбэг. Хожуу үе шатандаа эмнэлэгт ханддаг учраас өөр арга ч байдаггүй. Монголчууд мах, давс хэтрүүлэн хэрэглэдэг нь ч хавдар үүсэхэд нөлөөлж буй. Хамгийн чухал нь ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт эрт хандаж, оношлуулах. Эрүүл мэнд бол таны, цаашлаад улс орны үнэт зүйл шүү дээ. Эмч бидний хувьд ч өвчтөний амь нас, амьдралын чанар маш чухал байдаг. Өвчтөний эрүүл мэнд бол байнгын толгойд бодогдож явдаг зүйл шүү дээ.
-Олон жил сурсны эцэст мэргэжлээрээ ажиллаж, эхнээс нь үр дүнгээ үзэж буй нь бахархалтай санагдаж байна. Цаашдын зорилгоосоо хуваалцахгүй юу?
-Ээж шигээ эмч болсондоо баярладаг. Ээжийгээ дагаж эрүүл мэндийн салбарт ойр өссөн минь энэ мэргэжлийг сонгоход нөлөөлсөн. Эмчийн ажил бол хүнээс сэтгэл шаарддаг. Баян, ядуу, хөгшин, залуу гээд нийгмийн гарал, үүсэл хамаарахгүйгээр өвчтөнтэйгөө адил түвшинд харьцаж, эмчлэх ёстой. Бусдад тусалж, түүнээсээ урам авах нь ажиллах урам зориг нэмдэг. Цаашид эрүүл мэндийн салбар хөгжөөсэй, эмч нарын үнэлэмж сайжраасай гэж боддог. Миний хувьд энэ эмнэлэгтээ эзэмшсэн мэргэжилдээ эзэн байж амжилттай ажиллахыг хүсэж байна.