Кино, телевизийн салбарын шилдгүүдийг шалгаруулдаг 83 дахь удаагийн “Алтан бөмбөрцөг” наадам АНУ-ын Лос-Анжелес хотноо өчигдөр боллоо. Энэ удаагийн наадамд уран сайхны эрэл хайгуул, зохиомжийн өргөн хүрээ, нийгмийн сэдвийг хөндсөн бүтээлүүдийг олноор нэр дэвшүүлснээрээ онцлог байв. Леонардо Ди Каприо, Тимоти Шаламе, Ариана Гранде, Синтия Эриво, Эмма Стоун зэрэг уран бүтээлч шилдэг жүжигчний төрөлд өрсөлдсөн бөгөөд шагнал гардуулах ёслолыг комедиан жүжигчин Никки Глейзер хоёр дахь жилдээ хөтөлсөн юм.
Найруулагч Пол Томас Андерсоны “One battle after another” кино үзэгчдийн хүртээл болсон цагаас өвөрмөц шийдлээрээ ялгарч, Шилдэг найруулагч болон зохиолын шагнал хүртлээ. Уг кино нь нийт есөн төрөлд нэр дэвшсэн аж. Харин драм, мюзиклийн төрөлд өрсөлдөөн эн тэнцүү өрнөсөн нь сүүлийн жилүүдэд кино урлагийн жанр, хил хязгаар тэлж буйн илрэл хэмээн ажиглагчид дүгнэж байна. Мюзикл болон инээдмийн төрөлд эрэгтэй гол дүрийн цомыг залуу жүжигчин Тимоти Шаламе (“Marty supreme”) гардсан бол шилдэг эмэгтэй жүжигчнээр Роуз Бирн (“If I had legs I'd kick you”) тодорлоо. Туслах дүрийн төрөлд Стеллан Скарсгорд (“Sentimental value”), Теяна Тейлор (“One battle after another”) нар амжилт гаргасан юм.
Мөн драмын төрөлд жүжигчин Ноа Уайл шилдгээр шалгарсан бол инээдмийнхэд Жин Смарт (“Hacks”) болон Сет Роген (“Studio”) нар тэргүүлэв. Түүнчлэн өнөө жилээс подкастын төрөлд шилдгүүдийг шалгаруулж, “Good hang with Amy Poehler” анхны ялагч боллоо. Тэгвэл анимэ төрөлд “KPop demon hunters” түрүүлсэн бол гадаад хэлээрх шилдэг киногоор Бразилын “Secret agent”-ийг нэрлэв. Эл наадмын төгсгөлд Хелен Миррен болон Сара Жессика Паркер нарын кино урлагийн салбарт оруулсан хувь нэмрийг үнэлж, хүндэт шагнал гардуулсан юм.
Алдартнууд Миннеаполис хотод автомашиндаа буудуулж амиа алдсан Рене Гудын дурсгалыг хүндэтгэн, цагаачлал, гаалийн албыг (ICE) эсэргүүцсэн тэмдэг зүүж, уг наадамд оролцов. “Be good”, “ICE OUT” гэсэн бичиг бүхий хар, цагаан өнгийн тэмдэг нь өнгөрсөн жилийн амар амгалан уур амьсгалтай харьцуулахад энэ удаагийн арга хэмжээнд нийгмийн дуу хоолойг хүчтэй нэмж өгчээ. Тухайлбал, жүжигчин Марк Руффало улаан хивсний ёслолын үеэр уг тэмдгийг зүүж, иргэний байр сууриа илэрхийлсэн байна. Энэхүү акцыг “Working families power” болон “Maremoto” байгууллагынхан санаачлан, алдартнууд болон идэвхтнүүдийн дунд өргөн хүрээтэй өрнүүлжээ.
Ташрамд дурдахад, “Алтан бөмбөрцөг” наадам нь кино урлагийн чиглэлээр дагнасан олон улсын сэтгүүлчдийн санал асуулгад тулгуурлан шилдгүүдээ тодруулдгаараа “Оскар”-оос ялгаатай. Тиймээс тус арга хэмжээ нь шинэ оны эхэнд дэлгэцийн бүтээлүүдийн өнгийг тодорхойлж, цаашдын томоохон уралдаануудад аль бүтээл хүчтэй өрсөлдөхийг урьдчилан таамаглах чухал үзүүлэлт болдог юм.
Э.Сондор