БНСУ-ын прокурорын баг Ерөнхийлөгч асан Юн Сог Ёлыг Үндсэн хууль зөрчиж, төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан хэрэгт буруутган цаазаар авах ял оноох саналаа шүүхэд хүргүүлжээ. Тодруулбал, Юн Сог Ёл нь 2024 оны арванхоёрдугаар сарын 3-ны шөнө Үндсэн хууль зөрчиж, онц байдал зарлан, зэвсэгт хүчний оролцоотойгоор парламентын үйл ажиллагаанд саад учруулахыг завдсан нь төрийн эрхийг хууль бусаар булаан авах гэсэн бослого, үймээн самууны шинжтэй үйлдэл хэмээн прокурорууд үзсэн. Мөн тэрбээр хувийн болон улс төрийн ашиг сонирхлын үүднээс ардчилсан институцийг нураахыг завдсан тул хуулийн хүрээнд оноож болох хамгийн хатуу арга хэмжээг авах ёстойг энэ үеэр онцлов.
Харин Юн Сог Ёл өөрийн үйлдлээ улс орныг дотоод хямралаас хамгаалах, сөрөг хүчний хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох зорилготой байсан хэмээн тайлбарласаар буй юм. Гэвч прокурорууд уг тайлбарыг бодит нөхцөл байдалтай нийцэхгүй, харин ч өөрт нь ашиггүй хууль тогтоомжуудыг зогсоож, мөрдөн шалгах ажиллагаанаас зайлсхийх зорилготой байсан хэмээн няцааж буй юм. Улмаар түүнийг өнгөрсөн долоодугаар сараас хойш хорих ангид саатуулж, эрүүл мэндийн болон бусад үндэслэлээр батлан даалтад гаргах хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн удаа дараа хэрэгсэхгүй болгосон аж.
Үүний зэрэгцээ түүний гэргий Ким Кон Хигийн холбогдсон “Deutsch motors” компанийн хувьцааны үнийг зохиомлоор өсгөх замаар зах зээлд нөлөөлөхийг завдсан хэрэг нь олны анхаарлыг татсаар байна. Прокурорын байгууллага түүнийг санхүүгийн гэмт хэрэгт шууд оролцсон, бусдад давуу байдал олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж, өнгөрсөн наймдугаар сарын 12-нд саатуулсан юм.
У.Цэцэг