Монголын уулын цанын үндэсний шигшээ багийн тамирчин А.Ариунбат “Милан-Кортина 2026” өвлийн олимпын 15 дахь удаагийн наадамд оролцох эрх анх удаа өвөртөлсөн нь спорт сонирхогчдыг баярлуулсан нэгэн шинэ түүх байлаа. Тэрбээр дасгалжуулагч С.Тэмүүлэнгийн удирдлагад бэлтгэлээ базааж, АНЭУ-ын Дубай хотын дотор байгууламж дахь цанын баазад өнгөрсөн арваннэгдүгээр сард зохион байгуулсан дөрвөн гараатай олон улсын тэмцээнд амжилттай оролцохдоо VI байр эзлэн олимпын эрхийн таван гарааны дундаж оноо 120- иос доош байх болзлыг биелүүлсэн юм. Түүний хувьд 108.18 онооны дунджаар Италийг зорьж, тив, дэлхийн шилдгүүдтэй ур чадвараа сорих болсон нь томоохон боломж байв. Үүнээс өмнө гүйлтийн цанын төрөлд Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар олимпын эрхээ авсан билээ. Манай улс ийнхүү гурван тамирчнаа илгээж, цэнхэр дэлгэцээр өвлийн олимпын нээлт, хаалт, аваргууд тодрох торгон мөчийг хэдхэн хоногийн дараа харах нь.
-Та Италийг тун удахгүй зорино. АНЭУын Дубай хотоос ирсэн даруйдаа бэлтгэлээ үргэлжлүүлсэн таныг олж уулзана гэдэг амаргүй ажлын нэг байлаа. Өвлийн олимпод оролцоно гэхээс сэтгэл тань хэр догдолж байна вэ?
-“Милан-Кортина 2026” өвлийн олимпын уулын цанын төрөлд улсаа төлөөлж анх удаа оролцох болохоор бага зэрэг сандарч байна. Монголын тамирчид хэдхэн хоногийн дараа Итали улсад хөл тавина. Тэндхийн цаг агаар, уур амьсгал, орчин нөхцөлд дасан зохицохоос гадна цанын баазад нь бэлтгэл сургуулилалт хийж байгаад өвлийн олимпод өрсөлдөх юм. Бид Европын цас манай орныхоос ямар байдгийг, мөн өмнөх олимпоос медаль хүртсэн тамирч дын амжилтын түүх, уралдааны бичлэгийг сонирхон үзэж, багагүй судаллаа. Өвлийн олимпын наадамд оролцох Үндэсний шигшээ багийн тамирчдад хүндэтгэл үзүүлж, Төрийн далбаа гардуулах ёслол “Олимпик хаус”-т болоход уулын цанын төрөл олимпын эрх анх удаа авсан Монголын тамирчин гэж нэрийг минь зарлах мөчид сэтгэл догдолж, өнөөг хүртэл тууштай дэмжиж ирсэн гэр бүл, дасгалжуулагч багш, хамт олноороо маш их бахархсан.
-Тэмцээнд амжилт гаргахад хичээл зүтгэл, бэлтгэл сургуулилалтаас гадна олон зүйл нөлөөлдөг биз?
-Тийм ээ. Уулын цанын тамирчид туг сүлжиж, тойрдог тул цанынх нь тосолгоо, ир сайн байх шаардлагатай. Миний гулгалтын техникт Австри улсад үйлдвэрлэсэн “Atomic” брэнд цана таардаг. Тус брэндийн цанаар сүүлийн таван жил бэлтгэлээ хийж байна. Ир элэгдэхэд тухайн цаныг хэрэглэх боломжгүй болдог. Би цанаа өөрөө тосолж, ирлээд тэмцээнд оролцдог юм. Нэг стандартын цанаар гулгадаг тамирчдаас хэн бариа хүртэл хамгийн богино хугацаанд туг сүлжинэ, тэр ялагчаар тодордог.
-Өвлийн олимпын эрх авахын тулд хэдэн тэмцээнд оролцож, зорилгоо биелүүлэв?
-Миний хувьд 65 тэмцээнд оролцсоноос 45-д нь бариагаа амжилттай дуусгасан. Үүнээс сүү лийн таван тэмцээнд 120-иос доош оноо авч, эрхээ авлаа. Цанын тэмцээн бага онооны системээр явагддаг онцлогтой. 0 оноо руу дөхөх тусам тухайн тамирчны чансаа өндөр болно. Монголын уулын цанын холбооноос төлөвлөсний дагуу Литва улсыг өнгөрсөн жилийн аравдугаар сард зорьж, дотор байгууламжтай цанын баазад болсон эрх олгох тэмцээнд оролцож, эхний оноогоо авсан. Дараа нь АНЭУ-ын Дубай хотод болсон тэмцээнд өрсөлдөж, эрхээ баталгаажуулсан.
-Байгалийн эрс тэс уур амьсгал, хүнд орчин нөхцөлд бэлтгэл хийдэг болохоор цанаар тууштай хичээллэдэг тамирчин ховор. Таныг багаасаа хичээллэсэн талаар сонссон.
-Таван настайдаа цанаар хичээллэсэн. Сүү лийн таван жил мэргэжлийн тамирчны хэмжээнд өөрийгөө бэлдэж, бэлтгэлээ өндөр түвшинд хийж тэмцээнд оролцлоо. Манайхан гэр бүлээрээ цанын тамирчин. Багадаа тэднийгээ дагаж гулгасаар энэ спортод хөл тавьж байлаа. Ээж минь цанаар хэрхэн гулгахыг зааж өгсөн нь тухайн үед миний сонирхлыг их татсан. Эхний жилүүдэд найз нөхөдтэйгөө гулгадаг байсан бол сүүлдээ давуу талыг нь мэдрэн бүр илүү дурласан даа. Уулын цана эрсдэл ихтэй, экстрим төрөлд багтдаг. Хэрвээ гулгаж байхдаа унавал бэртэх магадлал өндөр. Энэ нь зарим тамирчны сэтгэл зүйд хүндээр тусдаг ч амжилт гаргах бүрд эрч хүч өгч, урам зориг төрүүлдэг. Цаначид өөртэйгөө, байгалийн үзэгдэл, цаг агаартай ч өрсөлддөг. Манай улс уулын цанын төрөлд бусад орноос хоцорч яваа. Олон улсын тэмцээнд оролцохдоо гараанаас хойгуур гардаг. Тухайлбал, 100 тамирчнаас 90-д гарч байх жишээтэй. Олон тамирчны уралдсан замаар гулгахад улам л хүнд болдог.
-Миний ажигласнаар хурд, хүч, зориг шаардсан экстрим спорт танд таалагддаг шиг санагдлаа.
-Би өрсөлдөх дуртай. Надад хурд, хүч, зориг шаарддаг спорт таалагддаг. Хэцүү санагддаг ч даван туулаад ард нь гарах сайхан. Ойрын жилүүдэд өөртөө томоохон зорилго тавьж, урагшилсан. Дөрвөн жилийн өмнө гэрийнхэнтэйгээ “Бээжин-2022” өвлийн олимпыг зурагтаар үзэж суухдаа “Би 2026 онд эрх аваад тэдэнтэй яагаад хамт уралдаж болохгүй гэж” бодож байлаа. Тэр цагаас өөрийгөө тал бүрээр дайчилж, амжилт гаргахаар тэмүүлсэн. Бүр өвлийн олимпод уралдаж буй мэтээр төсөөлж бэлтгэлээ хийдэг байв. Тухайн үед уралдсан тамирчдын олонх нь олимпын эрх авахаар надтай хамт тэмцээнд өрсөлдсөн. Тэдний заримтай нь ойр дотно нөхөрлөж, сайн найзууд боллоо. Бид инстаграмаар голдуу харилцаж, мэдээлэл солилцдог. Хамгийн сүүлд Узбекистан, БНХАУ, Сингапур, Тайванийн эрх авсан тамирчинтай холбогдож, өвлийн олимпын талаар санал бодлоо хуваалцлаа.
-Уулын цанын үүсэл хөгжил Европоос эхлэлтэй юм билээ. Азийн орнуудаас Япон, БНСУ-ын тамирчид ДАШТ, өвлийн олимпод хүчтэй өрсөлдөж харагддаг даа.
-Япон, БНСУ-аас бусад орны цаначид жилээс жилд амжилтаа ахиулж, Европынхонтой өрсөлдөх хэмжээнд дөхөж байна. Азийнхан тэдэн шиг биерхүү биш ч ажиллах чадвараар илүү. Хөнгөн жинтэй болохоор давуу талаа харуулж, хурд, тэсрэлттэй уралддаг. Би хоёр жилийн өмнөөс шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж, дасгалжуулагч С.Тэмүүлэн багшийн удирдлагад хичээллэж байна. Үүнээс өмнөх онуудад гэрийнхнийхээ дэмжлэгээр л тэмцээнд оролцдог байв. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд БНСУ-ын тамирчид Монголд ирж, хамтарсан бэлтгэл хийсэн нь үр дүнгээ өгч, амжилтаа ахиулахад минь багагүй нөлөөлсөн. Багш миний бэлтгэл хийхийг өдөр бүр харахдаа сэтгэлзүйн байдлыг ажиглан ямар алдаа гаргаж буйг хэлж, уралдааны үед юунд анхаарал түлхүү хандуулахыг зөвлөдөг. Бид сүүлийн үед сэтгэлзүйн бэлтгэлийг ч бас давхар хийж байгаа.
-Монголчууд ойрын жилүүдэд багийн спортоос сагсан бөмбөг рүү анхаарлаа хандуулж, уулын цанын төрөлд өвлийн олимпын эрх авна гэж төсөөлөөгүй байх.
-Олны дунд уулын цанын төрөлд намайг өвлийн олимпын эрх авна гэсэн итгэл байгаагүй. Тухайн үед миний оноо өндөр байсан тул эрх авах боломж хараахан харагдаагүй л дээ. Харин БНСУ-д очиж бэлтгэл хийх үед Италид хөл тавих боломж бий гэх итгэл найдвар төрсөн. Тийм боломж өөрт минь байгааг ч олж харсан болохоор тус улсад өнгөрсөн жил болсон тэмцээнүүдэд амжилттай оролцож оноогоо эрх авах оноо руу дөхүүлсэн. Тэр үеэс сэтгэл зүйгээ маш сайн бэлдсэний үр дүнд арав, арваннэгдүгээр сард болсон тэмцээнд өрсөлдөхдөө эрх авах онооны болзлоо хангасан юм.
-Дөрвөн жилийн өмнөөс манай улсад хамтарсан бэлтгэл хийх болсон БНСУ-ын дасгалжуулагч манай тамирчдын талаар тэр үед хэрхэн дүгнэж хэлсэн бол?
-Тэрбээр “Монголын тамирчдын ур чадвар, техникийг ажиглахад Францад 2030 онд болох өвлийн олимпод эрх авч оролцох боломжтой харагдана” гэж хэлсэн. Өндөр мэдрэмжтэй, арвин туршлагатай дасгалжуулагчийн хувьд буруу тооцоолоогүй. Харин надад тэр үед Италийг 2026 онд зорих хүсэл тэмүүлэл маш их төрж байлаа. Түүний дүгнэж хэлсэн тэр өдрөөс хойш зорилгодоо хүрэхээр амрах завгүй хөдөлмөрлөсөн. Ингэсний ачаар тооцоолсон хугацааг нь дөрвөн жилээр урагшлууллаа. Намайг эрх авсны дараахан тэрбээр “Монгол хүн Азийнхнаас бие, сэтгэл зүй, хатуужил, тэсвэр, амьдралын хэв маяг, хандлага гээд олон зүйлээр өөр юм” гэсэн шүү.
-Өөртөө том зорилго тавиад урагшлах үед халширч, шантармаар бэрхшээлүүдтэй нүүр тулсан л байлгүй. Тийм үед таныг хэн зоригжуулж, хурцлав?
-Оролцсон тэмцээнүүддээ өмнөх оноогоо доошлуулж чадаагүйдээ шантарч, хэрвээ би эрх авахгүй бол өөрийгөө энэ спортод олон жил зориулж бэлдсэний хэрэг юу байна вэ гэж сэтгэлээр унадаг байлаа. Тэр үед оюутан, сургуулиа төгсөх жил байсан болохоор амжилт, хи чээлийн аль алинд нь анхаарал хандуулах чухал үе ирсэн. Эргэлзэж, тээнэгэлзсэн тийм хүнд үед гэр бүл, дасгалжуулагч багш, сургуулийн маань хамт олон, ангийн нөхөд урам хайрлаж, сэтгэлийн дэм өгсөн. Тэдэнгүйгээр би бэрхшээлүүдийг даван туулахааргүй санагдаж байв. Багш надад “Чи оноо авахгүй байж болно. Харин зорилгоосоо хэзээ ч ухарч болохгүй” гэж зөвлөсөн нь намайг буцааж авчирсан. Гэр бүл минь сайн ойлгож, найдвартай ар тал болж байсан нь урагшлахад давуу тал болсон шүү. Би Япон Монголын хамтарсан ШУТИС-Коосэн технологийн коллежийн барилгын инженерийн ангид сурдаг, ирэх хавар төгсөнө.
Тамирчин хүнд өөртэйгөө ч зөрчилддөг үе бишгүй бий. Тийм үед дотоод сэтгэлийнхээ үгийг хэр сонсдог вэ? -Өөртэйгөө зөрчилдөх тохиолдол хааяа гардаг. Би тэмдэглэл хөтөлж, тухайн өдөр болсон зүйлүүдийг бичдэг юм. Цанын спорт хүчтэй, зоригтой, мэдрэмжтэй байхыг шаарддаг. Тиймээс кроссфитээр давхар хичээллэж, өөрийгөө хөгжүүлсэн. Надад чин сэтгэлээсээ тусалсан “Ган кроссфит төв”-ийн дасгалжуулагч Д.Доржнамжим, Б.Марал-Эрдэнэ багш нартаа их баярладаг. Тэднийг спорт сонирхогчид Роки, Маралаа гэдгээр нь илүү мэднэ.
-Кроссфитээр чөлөөт цагаараа голдуу хичээллэдэг үү?
-Тийм ээ. Чөлөөт цагаараа кроссфитээр хичээллэж, дрон нисгэх дуртай. Тамирчин хүнд найз нөхөдтэйгөө уулзах цаг, зав ховор гардаг. Тиймээс цөөн хэдэн дотнын найзтай. Миний хувьд цаг хугацаа хамгийн үнэ цэнтэй тул хийх зүйлээ төлөвлөдөг. Би 15 жил цанаар хичээллэж байна. Цана техникийн спорт тул өртөг өндөртэй. Тамирчид олон жил хичээллэсэн туршлагадаа тулгуурлаж амжилт гаргадаг. Тухайлбал, АНУ-ын 42 настай эмэгтэй тамирчин олимпод оролцох эрх авлаа. Спортын бусад төрлийн тамирчид энэ насанд зодог тайлж, карьераа өндөрлүүлдэг. Цаначдын олонх нь 30-40 насны хооронд техникүүдээ сайтар эзэмшиж, ДАШТ, өвлийн олимпоос медаль хүрдэг. Тэдний хувьд ид амжилт гаргадаг оргил үе нь гэж ойлгож болно. Миний хувьд АНЭУ-ын Дубай хотод болсон тэмцээнд VI байрт шалгарч, өвлийн олимпын эрх авсан минь томоохон амжилт байлаа.
-Олон улсын тэмцээнд оролцох бүрдээ ямар бодол тээж ирдэг тань сонирхол татаад байх юм.
-Би Турк улсын цанын баазад 2020 онд болсон өсвөр үеийнхний олон улсын тэмцээнд оролцохоор ахтайгаа хамт явсан юм. Үеийнхээ гадаад тамирчидтай анх удаа өрсөлдөхдөө тэмцээний зохион байгуулалт, уур амьсгал, техник, хэрэгсэл, үзэгчдийн хүлээж авах хандлага гээд олон зүйлийг ажигласан. Тэр үед ур чадвар, ор чин нөхцөлөөс илүү тэдний хэмжээнд дөхөж очихын тулд богино хугацаанд шаргуу хичээллэж, амжилт гаргах ёстой юм байна гэсэн бодолтой ирж билээ.