Монголын муай тай боксын шигшээ багийн тамирчин Ч.Ариун-Энх багадаа жүдо, чөлөөт бөхөөр хичээллэсэн нь хожим тулааны спортод хөл тавихад нөлөөлжээ. Түүнийг аав нь дагуулан явж, холимог тулааны шоу, тэмцээн үзүүлж, анхны мэдэгдэхүүнтэй болгосон гэдэг. Өмнөговийн Гурвантэс сумаас Улаанбаатар хотод оюутан болохоор ирсэн шавилхан охины сэтгэлийг муай тай спорт соронз шиг татсанаар нэг л өдөр “Garuda BJJ & MMA” клубийг зорьж, дасгалжуулагч Б.Гантогтохын удирдлагад бэлтгэл сургуулилалт хийж, тамирчин болох замналаа эхлүүлсэн байна. Дотоодын томоохон тэмцээнд амжилт гаргаж, шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан цагаасаа олон улс, тив, дэлхийн дэвжээнд улсаа төлөөлөн оролцохдоо цөөнгүй медаль, цомтой ирсэн түүнийг зочноор урилаа.
-Монголчууд шинэ оныг угтаж аваад удаагүй байна. Таны хийхээр төлөвлөсөн зүйлээс ярилцлагаа эхэлбэл сонирхолтой санагдах болов уу.
-Муай тай боксын УАШТ ирэх сарын 27-нд болно. Хэрэв түрүүлбэл олон улсын тэмцээнд оролцох эрх авах юм. Эмэгтэйчүүдийн 51 кгын жинд улсын аварга болж, цаашлаад тив, дэлхийн тэмцээнээс медальтай ирэхийг зорьж байгаа. Тамирчин хүний амжилтыг хичээл зүтгэлгүйгээр төсөөлшгүй. Шигшээ багийнхан долоо хоногийн зургаад нь бэлтгэл сургуулилалтаа өдөрт дөрвөн удаа базаадаг. Миний жинд хүчтэй өрсөлдөгч олон. Тэднээс илүү хөдөлмөрлөж байж, зорилгодоо хүрнэ. Сайн өрсөлдөгч хүнийг хурцалж, хүсэл тэмүүлэлтэй болгодог.
-Хүмүүс муай тайг эрсдэлтэй спортын нэг гэж боддог. Бөхийн төрлүүдээр хичээллэдэг охины сэтгэлийг тулааны спорт юугаараа их татсан юм бол?
-Эмэгтэй хүн өөрийгөө спортоор хөгжүүлж, ямар нэг гаднын нөлөөнөөс хамгаалахыг зөв гэж боддог. Би одоо МУИС-ийн Хууль зүйн сургуульд сурдаг, ирэх хавар төгсөнө. Оюутан болоод тулааны ямар нэг төрлөөр хичээллэх сэн гэх хүсэл төрсөн юм. Өөрийгөө сорих дуртай зан минь энэ спорттой нөхөрлөхөд хөтөлсөн. Анх хичээллэх үеэсээ тулааны онцлог, давуу талыг гэрийнхэндээ зөв талаас нь ярьж, ойлгуулдаг байлаа. Муай тайн мэргэжлийн тамирчдаас сонирхогчдын ангиллынхан малгай, боксын бээлийтэй тулалддаг. Тулаанч хүн ямар ч үед аюулгүй байдлаа хангасан байх шаардлагатай. Ийм хэмжээнд хүрэхийн тулд тэсвэр хатуужлаас суралцаж, ур чадвараа хөгжүүлнэ. Нэг цохилт, техникийг 10 мянган удаа давтаж байж төгс эзэмшдэг. Тулааны гайхамшгийг мэдрэхийн тулд дотоод сэтгэлийн энерги, төвлөрлийг техник, хурд, хүчтэй хослуулдаг юм. Өөрийгөө ялна гэдэгт бүрэн итгэлтэй байж өрсөлдөгчөө ялж, үзэгчдийг татна шүү дээ.
-Хичээл, сургууль, бэлтгэл, тэмцээн гэж завгүй гүйх заримдаа хэцүү санагддаг уу?
-Оюутан ахуйн он жилүүд харвасан сум шиг өнгөрч байна. Тэмцээнтэй байсан ч багш нар чөлөө тэр бүр өгдөггүй. Учир байдлаа хэлэхэд “Наадах чинь чиний хувийн асуудал. Даалгасан зүйлийг цаг хугацаанд нь заавал амжуулах ёстой” гэсэн өндөр шаардлага тавьдаг. Монголын муай тай боксын шигшээ багийн босгоор алхсан өдрөөс илүү үүрэг хариуцлагатай болсон. Хичээл, сургууль, бэлтгэл, тэмцээн гээд бүхнийг амжуулахаар гүйхдээ нэг л зүйлийг маш сайн ойлгосон юм. Тэр нь цаг хугацааг үр дүнтэй өнгөрүүлж, ажил, амьдралаа зөв төлөвлөж сурах байв. Тамирчин хүн сахилга баттай байж, амжилт гаргадаг. Үүнд, нойр, хоол, амралтаа зохицуулах ч орно. Тиймээс багш нарын заасан хичээлийг сайтар ойлгохын тулд анхаарлаа төвлөрүүлж сурсан. Надад ойлгоогүй зүйлээ дахин асуух цаг, зав байхгүй. Хичээлээ ойлгосон бол бусад цагт нь бэлтгэлээ базаахыг чухалчилдаг.
-Ялалтаас илүү ялагдал танд юуг илүү ойлгуулж, ухааруулсан бэ?
-Муай тайгаар хичээллээд хагас сарын дараа улсын чанартай тэмцээнд анх оролцохдоо эхний үед хожигдсон юм. Ялагдал минь надад “Чи тамирчин болох болоогүй байна. Өөрийгөө хөгжүүлж, ур чадвараа ахиул. Тэгж байж амжилт гаргана” гэдгийг ойлгуулж билээ. Би их шартай. Тэр өдрөөс хойш шаргуу хөдөлмөрлөж, Монголын холимог тулааны холбооны УАШТ-д оролцсон. Найзтайгаа аваргын төлөө гал гартал тулалдаж, түрүүлснээр Тайландад зохион байгуулах олон улсын тэмцээнд оролцох эрх авч байв. Миний хувьд одоогийн Ариун-Энхийг бүтээхийн тулд маш их хөдөлмөрлөсөн.
-Тайландад болсон WMO холбооны ДАШТ-ээс та мөнгөн медальтай ирсэн санагдах юм. Хилийн дээс алхаж оролцсон анхны тэмцээн биз.
-Тийм ээ. Тус улсад 2023 онд зохион байгуулсан ДАШТ-д оролцсон тэр үеийн дурсамж сэтгэлд тод үлджээ. Алтан медалийн төлөөх тулаанд Австралийн өөрөөсөө эгч тамирчинтай өрсөлдөхөөр болов. Түүнийг тэмцээний эхний өдөр харсан тул хэрхэн тулалдах талаар багштайгаа зөвлөлдлөө. Дэвжээнд гарахын өмнө “The Hu” хамтлагийн “Чингис хаан” дуу эгшиглэхэд өөрийн эрхгүй огшиж, өвөг дээдсийнхээ өвлүүлж үлдээсэн түүх, соёлоор их бахарсан. Миний хувьд давшиж тоглодог. Түүний тоглодог тактик надад яг тохирсон. Тэр тэмцээнд би өөрийгөө бүрэн дайчилсан. Гурван үе эн тэнцүү үзэлцэж, мөнгөн медаль зүүсэн минь намайг хэр хичээж хөдөлмөрлөснийг минь баталсан гэж боддог. Тухайн үед тэмцээнд хамт оролцсон ах нар, багшаасаа “Чи сайн байсан, мундаг тулалдлаа” гэх үг сонсоод урам авч билээ. Хилийн дээс анх удаа алхаж, Тайландыг зорьсон болохоор тэр үү, улсынх нь хөгжил, иргэдийнх нь найрсаг зан, хооллох соёл нь их таалагддаг. Азийн орнуудын нэг болохоор манайхантай шашин шүтлэг ойролцоо, хүмүүсийнх нь царай зүс төстэй санагдсан. Тэнд хэд хонохдоо цайнд нь дурлаад ирж байв.
-Тулаанчдаас ялалтад хөтөлдөг бэлгэдлийн зүйл харагддаг. Тухайлбал, холимог тулааны дэлхийн аварга, Гавьяат тамирчин Б.Энх-Оргил зүүн гартаа “Чингисийн баатрууд” хэмээн монгол бичгээр бичүүлсэн байдаг шүү дээ.
-Хүн аливаа зүйлд бэлгэдэлтэй хандах нь зүйтэй. Надад тэмцээний үед нэг хөгжилтэй гэмээр нэг зүйл тохиосон юм. БНХАУ-д 2024 онд зохион байгуулсан JCK (Jue Cheng King) холимог тулааны шилдэг холбооны халз тулаанд нутгийнх нь тамирчинтай тулалдсан. Холимог тулааны дасгалжуулагч Н.Бат-Эрдэнэ ах гадаадын томоохон холбооны тэмцээнд оролцохдоо хар азарганы дэл, сүүл авч явдаг юм билээ. Тэрбээр намайг дэвжээнд гарахын өмнө “Чи үүнийг зүүгээд гар” гээд үсэнд уяхад монголчуудын эртний хар сүлд нүдэнд харагдах шиг болсон. Биерхүү, хүч бяраар илүү өрсөлдөгчөө хожиж, ялалт байгуулахад хар азарганы дэл эрч хүч өгөх шиг санагдсан. Миний хувьд анх удаа халз тулалдаж, мэргэжлийн тулааны амжилтаа 1:0 болгосон минь тэр. Түүнээс хойш би өөрийн гэсэн бэлгэддэг зүйлтэй байя гэж бодоод Төрийн далбаагаа авч явдаг болсон.
-Орон нутгаас төрсөн тулааны тамирчид цөөнгүй бий. Та ч бас тэдний нэг. Багаасаа монгол ахуй, малтай ойр өссөн нь нөлөөлдөг байж болох юм.
-Багаасаа малтай ойр өссөн болохоор надад монгол ахуй, нүүдэлчдийн эгэл амьдрал таалагддаг. Намайг есдүгээр ангийн сурагч байхад аав багийн Засаг даргаар сонгогдож, сумын төвд ажиллаж, амьдрах болсон юм. Манайх төвийн айл болсон ч таван хошуу малаа маллаад сайхан амьдарч байна. Би оюутны амралт эхлэхээр нутаг руу явах гэж яардаг. Гэртээ очоод ээжийнхээ хийсэн хоолыг амтархан идэж, зууханд асаж буй галын чимээг сонсож суух сайхан. Тулааны спорт залуу насандаа амжилт гаргахыг шаарддаг. Өөрийгөө хэр дайчилснаа, бас ямар хэмжээнд хүрснээ харчхаад тамирчны карьераа өндөрлүүлнэ гэж боддог. Миний хувьд хууль зүйн чиглэлээр суралцдаг тул хичээлийнхээ хажуугаар нэг компанид кибер аюулгүй байдлын аудитороор ажилладаг. Сургуулиа төгсөөд хуульчийн шалгалт өгөхөд хоёр жилийн хугацаатай байдаг. Ажлын талбарт хөл тавьсан ч спортоосоо нэг их холдохгүй.
-Тамирчид оролцсон тэмцээнээсээ ганзага хоосон буцахыг хүсдэггүй. Медалийн төлөөх тулаан ямар бодол төрүүлдэг вэ?
-Зорилгоо биелүүлэх, эсэхийг шийдвэрлэх мөч бол хүрэл медалийн төлөөх тулаан байдаг. Тиймээс бүхнээ шавхан гаргах хамгийн өндөр хариуцлагатай нүүр тулна. Миний хувьд Хонконгод өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард болсон Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд хүрэл медалийн төлөөх тулаанд тамирчныг нь хожсон юм. Миний шагналын туузны хамгийн дээр УАШТ-ээс анх хүртсэн алтан медаль залаастай бий. Надад олон амжилт авчирсан болохоор их хайртай. Харахаар муай тайгаар хичээллэж байсан үеийн дурсамжууд бодогддог. Түүнээс хойш дотоод, гадаадын тэмцээнээс 20 гаруй медаль, зургаан цом гарджээ.
-Тулааны спорт таныг хэрхэн өөрчилж, ямар байр суурьт хүргэв?
-Би анх мяраалаг, говийн бор охин байлаа. Зөөлөн зантай, эрх дураараа өссөн охиныг спорт хэрсүү, хатуужил тэвчээртэй болгосон. Тэр үеийнхээс үзэл бодол, дотоод ертөнц, зан чанар, хандлага өөрчлөгдөж, илүү бие даасан. Тамирчин болохын тулд спортын хүнд зам туулсан. Ядарч, шантарсан хэрнээ болиогүй. Бүх зүйл эхэндээ хэцүү санагдаж, хотын гудамжаар уйлаад алхдаг байлаа. Аав, ээж рүүгээ залгахаар “Миний охин хэцүү байвал больчих” гэхээр нь “Үгүй” гэж хэлээд утсаа тасалдаг байв. Тийм үед “Өнөөдөр хэцүү байгаа ч маргааш энэ бүхний ард гарна” гэж бодож, дотоод сэтгэлийнхээ үгийг сонсдог байсан. Намайг энэ зан минь урагшлуулсан юм шүү. Одоо тэр үеийг эргээд харвал хүсэл мөрөөдлийнхөө бэлээс нь өгсөж явна. Харин зорилгын минь оргилд намайг томоохон амжилтууд хүлээж байгаа. Оройд нь гарахын төлөө хичээх болно. Авсан медалиуд минь амжилтын оргилд хүрэх шат гэж ойлгодог.
-Амжилт гаргахын тулд тамирчид олон жил зарцуулдаг. Харин хэрхэн хөдөлмөрлөснөөс алдарт хүрэх нь хамаардаг гэж боддог юм.
-Дөрвөн жил бол спортын хувьд богино хугацаа. Бөх, багийн спортоор хичээллэснээ тооцвол 10 гаруй жил бэлтгэл хийжээ. Өөрийгөө дайчилсан он жилүүдэд энэ бүхэн амжилт гаргах замыг минь зассан. Муай тайгаар хичээллэсэн эхний жил би өрсөлдөгчдөө жүдо, чөлөөт бөхийн мэхээр ялдаг байлаа. Cпортоос сурсан бүхэн минь миний давуу тал болсон гэж боддог.
-Тулааны спортын шүүлт заримдаа алдаатай байх нь бий. Тэр дундаа боксын тэмцээнээс түгээмэл харагддаг. Танд ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй тохиолдол гарч байсан уу?
-Вьетнамд болсон Азийн АШТ-д оролцохдоо Монголын багийн салхийг би түрүүлж хагалсан юм. Дэвжээнд мөн л нутгийнх нь тамирчинтай таарч, ялагдчихаад гурав хоног уйлсан. Шүүгч нөгөө тамирчны гарыг өргөтөл би өөрийгөө ялсан гэдэгт итгэлтэй байсан тул хүлээн зөвшөөрч чадахгүй сэтгэлээр их унасан. Багшдаа хийморио сэргэтэл нэг сайн зэмлүүлж аваад боссон. Багийнхан минь амжилттай оролцсон болохоор сэтгэл уужирч, нөхцөл байдалтайгаа дасан зохицсон доо. Шүүгчийн шүүлтээс тамирчдын хувь заяа, карьер, амжилт шалтгаалах тул өндөр хэмжээнд бэлтгэгдэж, ажилдаа үүрэг хариуцлагатай, алдаа гаргахгүй хандах ёстой гэж боддог. Миний хувьд тэмцээнд оролцохын өмнө жин хассан болохоор нөлөөлсөн болов уу. Тэндээс ирээд алдаагаа хайж, тулааныхаа бичлэгийг бараг 40 удаа үзсэн байх. Тэр үеийн сэтгэлзүй одоо ч мартагддаггүй. Муай тай дотроо олон төрөлтэй. Би тулааны төрлөөр нь хичээллэдэг. Сүүлийн үед Э.Ариунзаяа найзтайгаа хамтраад тулаантай үзүүлбэрт өөрийгөө сорьё гэж бодож байгаа. Тайландын тамирчид толгой, гараа боодог нь түүхтэй нь улбаатай. Эрчүүд нь эрт цагт дайнд мордохдоо эхнэр, хүүхэдтэйгээ хамт яваа гэдэг утгаар хувцаснаас нь хайчлан авч толгой, гараа боодог байсан уламжлалтай юм билээ. Энэ ташрамд, тулааны спортоор хичээллэдэг хүүхэд, залууст хандаад “Дасгал хөдөлгөөн бол амьдралд заавал байх ёстой зүйлийн нэг. Тулааны төрлүүдээс сонгож, хичээллэхдээ өөрийн биеийн онцлог, сэтгэлзүйн байдалд тохируулах хэрэгтэй. Спортод хүн бүр амжилт гаргадаггүй юм гэхэд амьдралдаа зөв хэвшүүлж, дадах нь зүйтэй” гэж хэлье.