Хүүхэд, багачууд, өсвөр насныхны таргалалт ноцтой асуудал болж, үүнээс үүдэлтэйгээр эрүүл мэндийн сангийн ачаалал нэмэгдэж байгааг Британийн эрх баригчдын түвшинд хэлэлцэх болсон нь нөхцөл байдал ямар болсныг илтгэнэ. Бага сургуулийн сурагчдын 10 хувь нь илүүдэл жинтэй гэсэн судалгаа байна. Энэ тоо ерөнхий боловсролын ахлах ангийнхны хувьд 35 болтлоо өсөж байгаа нь хоол хүнсний зохисгүй хэрэглээтэй шууд холбоотой. Таргалалтыг дагадаг нэг өвчин бол шүдний цооролт бөгөөд энэ улсын 5-9 насныхны эрүүл мэндийн нэг том асуудал болжээ. Гол шалтгаан нь хэт боловсруулсан, хямд хоол хүнс гэж мэргэжилтнүүд дүгнэсэн. Эрүүл мэндэд сөрөг хүнсний хэрэглээ нь өнөө, маргаашийн асуудал бус, үр дагавар нь улсын төсөвт дарамт учруулах, алсдаа хүн амын дундаж наслалт буурах зэрэг олон асуудал чирдэг. Хүүхдүүд таргалалт, үүнээс үүдэлтэй өвчлөлд өртөж буй нь зохисгүй буюу түргэн хоол, амттан, чихрийн агууламж өндөртэй хүнсийг замбараагүй сурталчилж байгаатай голчлон хамаардгийг Үндэсний эрүүл мэндийн албаны мэргэжилтнүүд нь онцолжээ. Тиймээс Засгийн газрын шийдвэрийн дагуу хүүхдэд сөрөг хүнсний сурталчилгааг интернэтээр цацахыг бүрэн хориглож, зурагтаар 21.00 цагаас хойш тодорхой хугацаанд явуулах болжээ.
Хүүхдүүдийн дунд дахь таргалалтыг бууруулах зорилгоор тодорхой нэрийн хоол, хүнсний сурталчилгаа хийхийг хориглосон хууль хэрэгжиж эхэлсэн талаар Засгийн газрынх нь албан ёсны цахим хуудсанд энэ сарын 5-нд мэдээлэв. Тус улсын өдөр тутмын сонинуудад мэдээлснээр элсэн чихэр, өөх тос, давсны агууламж өндөртэй 13 төрлийн бүтээгдэхүүн, тодруулбал элсэн чихэр нэмсэн ундаа (тараг зэрэг сүүн бүтээгдэхүүн), чипс, өглөөний цайны бэлдцүүд, давстай жигнэмэг, попкорн, шоколад, бохь, зайрмаг, гурилан бүтээгдэхүүн, пицца, хөлдөөсөн хоол эл хязгаарлалтад хамаарна. Уг хуулийн үр дүнд урт хугацаанд нийгмийн эрүүл мэнд сайжирснаар энэ чиглэлд төсөвлөх мөнгөн дүн багагүй буурах тооцоолол гарчээ. Ташрамд өгүүлэхэд, Британи 2018 онд “Элсэн чихрийн онцгой албан татвар” нэвтрүүлж, үйлдвэрлэгчдэд хөнгөлөлт үзүүлж, эл агууламж багатай ундаанд тусгай татвар ногдуулахгүй байхаар шийдвэрлэсэн аж.
Э.Хана