Манай улстай 2009 оноос эхлэн хамтран ажиллаж, Баянхонгор, Дорноговь, Хэнтий аймгийн сумдад нислэгийн удирдлагын систем нийлүүлсэн Испанид төвтэй “Indra” компанийн төлөөллийг Зам, тээврийн сайд болон албаныхан өчигдөр хүлээн авч уулзжээ. Талууд цаашид Монгол Улсын агаарын тээвэр, иргэний нисэхийн салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлж, агаарын хөдөлгөөний удирдлагын болон навигацийн тоног төхөөрөмжийг шинэчлэх төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх талаар санал солилцсон байна. Ялангуяа энэ онд манай улс агаарын хяналтын чадварыг сайжруулж, олон улсын нислэгүүдийн хөдөлгөөнийг илүү аюулгүй найдвартай болгох ажлуудыг богино хугацаанд хийхийг зорьж буйгаас дээрх технологийн компаниас нийлүүлж болох тоног төхөөрөмж, үнийн саналыг хүлээн авахаа илэрхийллээ. Түүнчлэн тоног төхөөрөмж авахаар болбол аль болох богино хугацаанд суурилуулж, үйл ажиллагааг нь жигдрүүлэх боломж бүрдүүлэх гэнэ. Уулзалтад Бээжин дэх Испанийн Элчин сайдын яамны төлөөлөл, Ази-Номхон далайн бүсийн үйл ажиллагаа хариуцсан захирал болон холбогдох албаныхан оролцсоныг ЗТХЯ-наас мэдээллээ.