Үндэсний хоккейн лиг (NHL)-ийн “Баффало сэйбрс” багийн үүх түүх тун базаахгүй дээд амжилттай холбогддог. Тус баг 1970 онд NHL-д элссэн бөгөөд Стэнлийн цомд түрүүлж үзээгүй хамгийн олон жил болсон хоёр багийн нэг юм. Түүнчлэн плей-оффт оролцолгүй 14 жил болж байгаа нь тус лигийн түүхэн дэх хамгийн олиггүй амжилт төдийгүй Хойд Америкийн спортын дөрвөн том лиг дундаа ч нэгдүгээрт орох (бейсболын “Нью-Йорк Жетс” багийн хамтаар) “хар” амжилт билээ.
Үүн дээр нь плей-оффын цувралд ялалт байгуулалгүй 18 улирал болсныг нь нэмэх ёстой. Энэ нь мөн л NHL-ийн анти-рекорд юм. Энэ мэтчилэн лигийн хэд хэдэн “хар” амжилтын жагсаалтад тус баг дээгүүрт бичигддэг.
Харин энэ улиралд “Сэлэмнүүд” (тус багийн нэр) үнэхээр одтой тоглож байна. Тэд өчигдрийн байдлаар бүсдээ зургаадугаар байрт 26 ялалт, 16 ялагдалтай бичигдэж байгаа юм. Тэр бүү хэл, энэ сарын 9-ний амжилтыг авч үзвэл “Баффало” баг “Атлантик” дивизионыг 31 оноотой тэргүүлж байлаа. Багийн энэхүү амжилтыг дасгалжуулагч Л.Раффын хэрэгжүүлж буй прессинг, зоримог тактиктай холбож байна. Хэрэв “Баффало” энэхүү сайн тоглолтоо улирлын сүүлч хэр хүртэл үргэлжлүүлж чадвал Хойд Америкийн мэргэжлийн спортын түүхэн дэх хар цуврал түүхийн хуудаснаас арчигдах болно.
Н.Энх