Зах, худалдааны төвүүдэд махны үнэ өссөнтэй холбоотойгоор Монополын эсрэг газрынхан нийслэлийн зүүн чиглэлийн “Амгалан” зах, “Жанжин” худалдааны төвд ажиллажээ. “Амгалан” захад худалдаж буй махны үнэ өнгөрсөн оны 11-12 дугаар сард өсөлттэй байсан бол он гарснаас хойш нийлүү лэлт нэмэгдсэнтэй холбоотой тогтворжсон гэнэ. Мөн “Жанжин” худалдааны төвийн “Малчид мах худалдаалах цэг”-ийнхэн үнэ төдийлөн өсөөгүй гэх тайлбар өгчээ. Тодруулбал, “Амгалан” захад үхрийн ястай мах 22 500, цул 25 500-28 500 төгрөг, хонины мах гулуузаар кг нь 14 000, ястай мах жижиглэнгээр 17 000, цул нь 19 500 төгрөгөөр тус тус худалдаж байна. Харин “Малчид мах худалдаалах цэг”-т үхрийн ястай мах 18 000-19 500, цул нь 22 000 бол хонины мах гулуузаар кг-ийг нь 14 000, ястай нь 16 000, адууны мах 12 500 төгрөгөөр тус тус борлуулж буй аж.
Зах, худалдааны төвийн захиргаа, худалдаачдад махны хангамж, нийлүүлэлт, үнийн тогтвортой байдлыг хангах, хэрэглэгчдийн мэдээлэл авах эрхийг хүндэтгэх, махны үнийн өөрчлөлттэй холбоотой нотлогдоогүй бодит бус, тогтворгүй байдал үүсгэхэд чиглэсэн мэдээлэл түгээхгүй байхыг Монополын эсрэг газраас анхааруулжээ.
Ч.Болор