Монголын Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбооны (МХХЭМБНХ) VIII дугаар хурал 2026 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр боллоо.
Тус хуралд Эрүүл мэндийн дэд сайд Г.Номин оролцож, Эрүүл мэндийн яамны нэрийн өмнөөс мэндчилгээ дэвшүүлэв. Тэрбээр хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд Монгол Улсын эрүүл мэндийн салбарт чухал байр суурь эзэлж, төр–хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд иргэдэд чанартай, хүртээмжтэй тусламж үйлчилгээ үзүүлж ирсэн. Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд нь Монгол Улсын хэмжээнд нийт эмнэлгийн орны 25.5 хувийг бүрдүүлэн төдий хэмжээгээр ачааллыг үүрэлцэж байна.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын бодлого, “Алсын хараа–2030”, “Алсын хараа–2050” урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж буй бодлого, цаашдын стратегийн чиглэлүүдийн талаар танилцуулж, хувийн хэвшлийн оролцоог улам бэхжүүлэхийн чухлыг тэмдэглэв. Цаашид хариуцлагад суурилсан урт хугацааны түншлэлийг хөгжүүлэн, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг тасралтгүй сайжруулах чиглэлд ЭМЯ-аас тууштай дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
VIII дугаар хурлаар салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлуудыг мэргэжлийн түвшинд хэлэлцэж, төр–хувийн хэвшлийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах ач холбогдолтой арга хэмжээ болсныг хуралд оролцогчид хэлж байлаа.