Халуурах, толгой, булчин, хоолой өвдөх, бөөлжих шинж тэмдгээр илэрч, амьсгал давчдах, тархины үрэвсэл, нойрмоглох, ухаан самуурах, татах зэргээр хүндэрч, нас баралтын түвшин маш өндөр хэмээн бүртгэгдсэн нипах вирусээр Энэтхэгт цөөнгүй хүн өвчлөөд буй. Одоогийн байдлаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр Энэтхэг улсын Баруун Бенгал мужид таван тохиолдол бүртгэгдэж, 100 орчим хүнийг тусгаарласан байна. Барасат хотод нэгэн хувийн эмнэлэгт сэжигтэй хүмүүсийг тусгаарлан ажиглаж, тусламж, үйлчилгээ үзүүлж байсан эрүүл мэндийн байгууллагын гурван ажилтан тус вирусний халдвар авч, өвчилсөн байж болзошгүй байна. Гэхдээ үүнийг ДЭМБ-аас албан ёсоор мэдээлээгүй гэнэ.
Эл халдвар нь эмнэл зүйн хувьд шинж тэмдэггүй хэлбэрээс эхлэн амьсгалын замын хүнд өвчлөл үүсгэдэг, халдвар авсан хүмүүсийн 40-75 хувь нь эндэх аюултайг олон улсын болон манай улсын эрүүл мэндийн байгууллагуудаас сэрэмжлүүлж буй. Харамсалтай нь , одоогоор нипах вирусний халдварын эсрэг вакцин, вирусний эсрэг эмчилгээ байхгүй ажээ.
Ч.Туяа