“Ралли Рейд”-ийн ДАШТ-ий 2026 оны цувралын эхний тэмцээн болох алдарт “Дакар ралли”-гийн 48 дахь уралдаан Саудын Арабын элсэн цөлд энэ сарын 3-17-нд болж өндөрлөсөн. Тус тэмцээнд “Тал нутгаас Дакарт” төслийн тамирчин, ОУХМ Э.Халиунболд хурд сорьж, 13 дахь гарааны нийлбэр дүнгээр нийт тамирчдаас XVI байрт, “Ралли2” ангилалд VI байрт шалгарснаар Ази тивдээ төдийгүй улсдаа анх удаа шинэ хуудас нээж, түүхэн амжилт гаргасан. Түүнтэй хамт эл уралдаанд тоос өргөсөн П.Мөрөн нийлбэр дүнгээр 29, ангилалдаа 19 дүгээр байрт орсноор шилдэг 30-д жагссан. “Best Rookie” буюу шилдэг шинэ тамирчны III байрын цом, медаль, тусгай шагнал гардсан Э.Халиунболдын амжилтыг хуваалцах “Хүндэтгэлийн үдэш” арга хэмжээ “Тоёото топ моторс” төвд болж ССАЖЗ-ын сайд Ч.Ундрам, Сангийн сайд Б.Жавхлан, ССАЖЗЯ-ны биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Жаргалсайхан, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Э.Билэгт, Монголын автомото спортын холбооны удирдлагууд болон Монголын үе үеийн шилдэг тамирчин, дасгалжуулагч, ивээн тэтгэгч, дэмжигч байгууллагын төлөөлөгчид оролцов. ССАЖЗ-ын сайд Ч.Ундрам Э.Халиунболд болон Э.Ууган-Эрдэнэ ахлагчтай төслийн багийнханд баяр хүргэн, авто, мото спортын баг тамирчдын хойшид оролцох уралдаанд нь дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлжээ. Э.Халиунболд “Дакар ралли2026”-д өмсөж уралдсан өмсгөлөө ССАЖЗ-ын сайд Ч.Ундрамд дурсгал болгон бэлэглэсэн байна. Авто, мото спортын олимпын наадам хэмээгддэг “Дакар ралли-2026”-д оролцсон 800 гаруй тамирчин 13 хоног уралдахдаа 7600 км зам туулсан. Тэмцээний үеэр 500 орчим мотоцикл, автомашин, 4000 гаруй арын алба, хэвлэл мэдээллийн ажилтан болон техникийн мэргэжилтэн нар ажиллаж, дэлхийн 190 гаруй орны 1.5 тэрбум хүн эл уралдааныг сонирхож үзсэн статистик тоон үзүүлэлт гарчээ.