“Сүрьеэгээр өвчилсөн иргэдийн бодлого боловсруулагчдад дайх үг” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг Эрүүл мэнд, нийгмийн бодлогын хүрээлэнгээс өчигдөр зохион байгуулав. Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдрийг угтсан энэхүү арга хэмжээний зорилго нь тус хүрээлэнгээс ЭМЯ, “Глобаль” сангийнхны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Сүрьеэгийн тусламж, үйлчилгээнд олон нийтээр удирдуулсан хяналтын тогтолцоог бий болгох нь” төслийн хүрээнд хийсэн судалгааны зарим дүгнэлтээ танилцуулах. Тэд тусламж, үйлчилгээг сайжруулах чиглэлээр сүрьеэгээр өвдсөн, даван туулсан иргэдээс сар тутам судалгаа авдаг бөгөөд энэ сарын 6-ны байдлаар 3541 дата мэдээлэл цуглуулж, дүн шинжилгээ хийсэн байна.
Судалгаанаас харахад сүрьеэгээр оношлогдсон ч эмчилгээ хийлгэдэггүй хүн олон байдаг төдийгүй өвчтөнүүд өнөөдрийг хүртэл төрийн бодлогын гадна үлдсээр ирснийг Эрүүл мэнд, нийгмийн бодлогын хүрээлэнгийн тэргүүн, төслийн зохицуулагч А.Нямдорж хэлсэн юм. Тэрбээр “Эмчилгээ хийлгэж байгаа, халдвартай иргэдэд үзүүлдэг төрийн дэмжлэг алга. Энэ нь тулгамдсан асуудлуудын нэг болоод байна. Жишээ нь, дөрвөн хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй сүрьеэгээр оношлогдож, хүүхдүүд нь мөн эм ууж буй. Ээж нь өвдсөнөөс ажил хийх аргагүй болж, энэ өрх хүүхдийн 100, “Цалинтай ээж”-ийн 50 мянган төгрөгийн л орлоготой, амьдрал нь хүнд байна шүү дээ. Хүүхдүүдийн аав байдаг ч архины хамааралтай. Ийм иргэдийг ядаж төрөөс үзүүлдэг 70 гаруй төрлийн халамжийнхаа аль нэгэнд хамруулж болдоггүй юм уу” хэмээв.
О.Ундрах