Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй УИХ гэхчлэн онцлогтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулж буй.
Уяач гишүүдээр УИХ “тэлсэн”-ий нэг тод жишээ бол Загджавын Мэндсайхан юм. Тэрбээр Ховд аймгийн Мянгад сумын уугуул, улсын манлай уяач цолтой. Аав, авга, нагац ах нар нь бүгд моринд хорхойтой, удам дамжсан уяач аж. Анхны 126 гишүүнтэй парламент дахь уяачдаас хамгийн том цолтой нь З.Мэндсайхан гэдэг. Тодруулбал, өнгөрсөн удаагийн сонгуулийн үр дүнд УИХ Д.Батбаяр, П.Мөнхтулга, Д.Жаргалсайхан, О.Амгаланбаатар тэргүүтэй 10 гаруй уяачаар “бүл нэмсэн”-ий нэг нь З.Мэндсайхан юм. Тэд бүгд тэрбум давсан төгрөгөөр үнэлэгдэх тооны адуутайгаа хөрөнгө, орлогодоо ч мэдүүлсэн байдаг. Тухайлбал, З.Мэндсайхан 254 адуутай, түүний дотор хурдан удмынх нь 30, үхэр 62, тэдгээрийн нийт үнэлгээ нь 1.3 тэрбум төгрөг гэжээ. Тэрбээр морь сайн уядаг шигээ улс төрд ч бас хийсэн, бүтээсэн зүйлтэй юү гэвэл үгүй бололтой.
З.Мэндсайхан УИХ-ын гишүүн болохоосоо өмнө буюу 2020 оноос ХХААХҮ-ийн сайдаар У.Хүрэлсүхийн Засгийн газарт томилогдон ажиллаж байв. Дараа нь Л.Оюун-Эрдэнэ зөвлөхөөрөө ажиллуулж байсан юм билээ. 2024 оноос З.Мэндсайхан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хот, хөдөөгийн хөгжил хариуцсан болон хөдөө аж ахуйн бодлогын зөвлөхөөр нь томилогдон ажиллаж байгаад УИХ-д нэр дэвшин сонгогджээ.
ХХААХҮ-ийн сайд байхаасаа л төрсөн нутаг болох Ховд аймагтаа нэр дэвшихээр бэлтгэл базааж, аль эртнээс тойргоо “усалж” явсан гэдэг. Тухайлбал, тэрбээр сонгуулийн өмнөх жилийн өвлөөс нутаг нугынхаа малчдын дунд “Өвлийг мэнд сайхан давцгаая” гэх өөрийн нэрийн аяныг хүртэл өрнүүлэн, төрийн байгууллагын нөөцийг ашиглан далд сурталчилгаа хийж явжээ. Ховд дангаараа бус, Говь-Алтай, Завхан, Увс аймагтай нэгдэж томсгосон тойрог болсон ч тэрбээр МАНынхаа нэрээр сонгогдож чадсан. Гэсэн ч З.Мэндсайхан гишүүн болсноосоо хойш хэвлэл, олон нийтийн анхааралд ердөө хоёр л удаа өртжээ.
Эхнийх нь, өнгөрсөн оны есдүгээр сард болсон Халзан бүрэгтэйн ордын ерөнхий хяналтын сонсголын үеэр З.Мэндсайхан “Манай Мянгад сумаас 50 гаруй хүн ирсэн байна. Тэднийг асуулт тавих боломжоор хангаж өгөхийг хүсье” гэж хэлээд заал дүүрэн цугласан нутгийнхнаа алга ташуулаад амжсан нь хэзээ, яаж попрохоо мэддэг гэлтэй. Тэрбээр “Халзан бүрэгтэй” төслийг эсэргүүцэгч УИХ-ын гишүүдийн нэг байсан ч энэ нь түүнийг “ардын баатар” болгосон юм биш. Анхнаасаа томсгосон тойргоос, түүний дотор Ховдын угшилтай С.Бямбацогт, З.Мэндсайхан, Б.Пүрэвдорж нар гурвуулаа л тэнд олборлолт явуулахыг эсэргүүцэж ирсэн. Тэр дундаа З.Мэндсайхан Халзан бүрэгтэйн орд орших Ховд аймгийн Мянгад сумынх. “Нутгийн иргэдийн эрх ашиг нэгдүгээрт байх ёстой” гэсэн үзэл, хандлага нь унасан газар, угаасан усныхаа ч төлөө бус, гагцхүү сонгогчдынхоо саналыг хадгалж үлдэхийн тулд “дүр эсгэж” яваа гэж хэлж болно.
Олны анхааралд өртсөн дараагийн үйл явдал нь, УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулах тухай тогтоолын төслийг өргөн барьсан гишүүдийг З.Мэндсайхан нар төлөөлсөн юм. Д.Амарбаясгалан, Г.Занданшатар хоёрын намын даргын төлөөх “зодоон” ид өндрийг авч байх үед З.Мэндсайхан тэргүүтэй МАН-ын долоон гишүүн “намаасаа гарна” гэж хүртэл мэдэгдэж байв шүү. Тэд өнгөрсөн УИХ-ын сонгуулиар Д.Амарбаясгалантай нэг баг болж, баруун бүсээс сонгогдсон хэрнээ эцэст нь ийн түнжин хагарсан бололтой.
Түүнийг ХХААХҮ-ийн сайд байсан хоёр дахь жилд нь хүнсний ногооны нийлүүлэлт 10 хувиар нэмэгдсэнийг эс тооцвол түүнд өөр гялтайх “юм” бараг алга. Санхүү, эдийн засгийн дээд сургууль, Удирдлагын академийг дүүргэсэн тэрбээр сайдын “суудал”-д суухаасаа өмнө Эрчим хүчний болон Сангийн яаманд газрын дарга, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргаар тус тус ажиллаж байсан ч хийж гийгүүлсэн дорвитой ажил үлдсэнгүй. Харин 2025 онд нэр бүхий гишүүдийн санаачлан боловсруулж, УИХ-д хамтран өргөн барьсан хуулийн таван төсөлд З.Мэндсайханы нэр багтсан байна лээ.