Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 20-ноос эхлэн баруун бүсэд ажиллаж буй аж. Баасан гарагт тэрбээр Завхан, бямба гарагт Ховд, өчигдөр Баян-Өлгий аймагт ажиллаж, иргэдийн төлөөлөлтэй уулзан, зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцжээ. Төрийн тэргүүн өөрийн санаачилсан “Хүнсний хувьсгал”, “Тэрбум мод”, “Эрүүл монгол хүн”, “Цагаан алт” зэрэг хөтөлбөр нь баруун бүсэд хэрхэн хэрэгжиж буйг сонирхсон аж.
Завхан аймгийн 24 аж ахуйн нэгж, иргэн “Хүнсний хувьсгал”, “Атрын IV аян”-ы хүрээнд тав орчим тэрбум төгрөгийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл авч, газар тариалан, үр тариа, хүнсний ногоо, мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлж байна. Үүний дүнд 1990 оноос өмнө усалгаатай байсан бүх газар тариалангаа сэргээсэн гэнэ. Мөн 2028 он гэхэд өвс, тэжээлээс эхлээд сүү, өндөг, хүнсний ногооныхоо хэрэгцээг өөрсдөө бүрэн хангах зорилт тавьжээ. Түүнчлэн “Тосонцэнгэлийн аж үйлдвэрийн парк” байгуулахаар зорьсон, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд нэг сая гаруй мод тарьж ургуулсан аж.
Ховд аймагт “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд 29 аж ахуйн нэгж 15 тэрбум төгрөгийн зээл авч, хүчин чадлаа нэмэн, үйлдвэрлэлээ өргөтгөж, энэ хэрээр олон ажлын байр бий болгожээ. Тус аймгийнхан мөн 116 сая мод тарьж ургуулсан байна. 2030 он гэхэд 20 сая мод тарина хэмээн зорьж буй юм. “Хүнсний хувьсгал”, “Тэрбум мод”, “Эрүүл монгол хүн” хөдөлгөөн, “Цагаан алт”, “Илгээлт-2100” хөтөлбөр улсын хэмжээнд амжилттай хэрэгжиж байгааг Ерөнхийлөгч тэмдэглэлээ. Мөн Баян-Өлгийн тухайд 83 аж ахуйн нэгж 12 тэрбум төгрөгийн зээл авч, эрчимжсэн мал аж ахуй, мал төхөөрөх, мах боловсруулах, сүү, цагаан идээ, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэж буйгаа дуулгав.